УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн хүү АНУ-д амьдардаг Ц.Тэмүүлэн нь сүүлийн өдрүүдэд Фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулалт хийж, хар тамхи худалддаг гэх этгээдүүдийн нэрийг дурьдсан. 

Тэгвэл үүнтэй зэрэгцэн өнөөдөр зарим хэвлэлээр, ЦЕГ-аас зургадугаар сарын 5-6-нд шилжих шөнө хар тамхи, мансууруулах бодис оруулж ирдэг, хэрэглэдэг байж болзошгүй гурван бүлэг этгээдийг саатуулсан гэх мэдээлэл тараад буй билээ. 

 Хар тамхины хэргээр баривчлагдан, шалгагдаж эхлээд буй энэхүү 20 орчим этгээдүүдийн дунд урлаг соёлын болоод олны танил хүмүүс мөн тэдний хүүхдүүд байгаа гэх мэдээлэл тарсан.

Тухайн этгээдүүдийн дунд дуучин Wolfizm буюу Б.Гэсэр, Epoch буюу Э.Гомбосүрэн нарын хүмүүс байсан гэдгийг баттай эх сурвалж мэдээллэсэн хэмээн isee.mn сайт нийтэлсэн. 

Уг асуудлаар нэр холбогдсон хоёр олны танил уран бүтээлчид хэвлэл өгсөн тодруулгадаа,

"Wolfizm" буюу Б.Гэсэр: "Би студи дээрээ, дуугаа хийгээд сууж байна. Хар тамхины хэрэгт холбогдоогүй" гэлээ.

Харин "Epoch" буюу Э.Гомбосүрэн: Гэртээ хүүхдээ хараад сууж байна. Яагаад ийм мэдээлэл гарсныг гайхаж байна. Өмнө нь гурван удаа шинжилгээ өгч байсан, илрээгүй" хэмээн тайлбар мэдээллийг өглөө.

Түүнчлэн өөр эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-д амьдардаг Ц.Тэмүүлэн Фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулалт хийж байхдаа дурьдсан хүмүүсийг энэ хүрээнд саатуулсан гэх мэдээлэл ч тараад байгаа билээ.