Шорлогны мухлаг шатсаныг унтрааж, хийн баллоныг аюулгүй болгожээ
2024/06/07
Хуурайшилтын улиралд иргэдийн сонор сэрэмж, болгоомжгүйгээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гал алдах эрсдэл өндөр байна Тухайлбал, өнөөдөр /2024.06.07/ уулын зам дагуу хэсэгт ил худалдаа эрхэлдэг, шорлог, хуушуурын түргэн хоолны цэгт гал гарчээ.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зам дагуу мухлаг шатсан дуудлагыг 12:53 цагт ирүүлжээ. Тодруулбал, дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 2х3 хэмжээтэй шорлогны мухлаг шатаж байсныг унтрааж, дотор нь байсан 15 литрийн хоёр баллоныг гарган, аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.
Шингэрүүлсэн шатдаг хий ашиглаж үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагад аюулгүй ажиллагааны дүрэм норм, стандартыг мөрдөж, галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.