Салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдад хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатаныг урьж, ярилцлаа.

“Ардчиллыг бэхжүүлэх ач холбогдолтой хуулиудад санал зөвлөмж өгдөг”

БЛИЦ:

“Бодлогод залуусын хяналт” ТББ үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатан нь хуульч мэргэжилтэй.

-2014 оноос “Бодлогод залуусын хяналт” ТББ-ыг үүсгэн байгуулж, Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.

-Тэрээр Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсийг 2017 онд Конрад Аденауэр сангийн тэтгэлгээр дүүргэсэн.

-2008 оноос эхлэн ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш эрхийн чиглэлээр “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” залуусын аян болон МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнд ажилласан.

-Мөн 2017 оноос иргэдийн оролцооны чиглэлээр зөвлөх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн туршлагатай.

-2012 оноос эхлэн Иргэний нийгмийн ажиглалтын төслийн зохион байгуулах багийн гишүүнээр, 2017 оноос “Сонгуулийн зарцуулалтын мониторинг”, “Улс төр ба мөнгө” хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байна.

- Улсын Их Хурлын 2012 оны сонгуулиас эхлэн сонгогчийн эрх ашгийг төлөөлөх хөндлөнгийн ажиглагчид ажиллах хууль, эрх зүйн орчин манай улсад бүрдсэн. “Бодлогод залуусын хяналт” ТББ маань 2014 онд байгуулсан. Сонгуулийн үед иргэний нийгмийн хяналт маш чухал ач холбогдолтой гэдэг үзэл баримтлал дээр бид нэгдэж байлаа. Би 2012 оны сонгуульд ажиллаж байхад залуус сонгуулийн үйл явцад оролцдоггүй юм байна. Улс төртэй холбоотой агуулгыг өөрсдөөсөө холдуулдаг гэдгийг анх анзаарч байлаа. Тэгээд 2014 оноос эхлэн “Бодлогод залуусын хяналт” ТББ-аараа дамжуулж сонгуулийн ажиглалт, иргэний нийгмийн хөндлөнгийн хяналтыг тасралтгүй хийж байна. Улс төр, сонгуульд хяналт тавьдаг хөтөлбөр манай зөвхөн нэг хэсэг.  Манай байгууллага “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” гэж хөтөлбөр хэрэгжүүлж байна.  Гэр хороолол болон анхан шатны хорооны түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх ажил хийдэг.  Мөн хууль тогтоомжид хяналт тавьж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг ардчиллыг бэхжүүлэхэд ач холбогдолтой хуулиудад санал зөвлөмж өгдөг. “Бодлогод залуусын хяналт” гэдэг утга маань ч хуулийг батлах болон хэрэгжүүлэхэд хяналт тавих, сайжруулах гэсэн агуулгатай юм.

Сонгогчийн санал гээгдэхгүй байх боломжтой болсон, гэхдээ...

-Энэ удаагийн сонгууль их онцлогтой болж байна шүү дээ. Бид сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй парламент бүрдүүлнэ.  Сонгуулийн сурталчилгаа бараг өндөрлөх тал руугаа орж байна.  Сул тал, бэрхшээл зүйл бий. Тухайлбал, олон мандаттай тойргийн сонгуульд саналаа өгөх нь сонгогчдод бэрхшээлтэй байх болов уу гэж санаа зовж байна. Учир нь энэ жилийн сонгууль хоёр саналын хуудастай. Нам болон нэр дэвшигчийг сонгоно. Тиймээс иргэд маань мэдлэг, мэдээлэлтэй байх учиртай. Хоёрдугаарт, манай байгууллага сонгуулийн үед нам, нэр дэвшигчээс хэр хэмжээний зардал гарч байна. Зардлаа тайлагнах явц нь ямар байна гэдэг дээр мониторинг хийж байгаа. Ер нь энэ төрлийн судалгааг 2017 оноос хойш идэвхтэй хийж байна. Энэ жилийн сонгуулийн зардал өндөр гарах магадлалтай байна. Учир нь тойрог томсгосон үндэслэлээр зарим тойрогт 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн зардал нэг нэр дэвшигчээс гарах боломжтой. Энэ  тал дээр нарийн судалгаа явуулж нягтлах хэрэгтэй байгаа юм.  УИХ-д яагаад залуучууд, эмэгтэйчүүд, нийгмийн зарим бүлэг сонгогдож чадахгүй байна вэ гэдэг нь сонгуулийн сурталчилгааны зардал өндөр байгаатай холбоотой. Тухайлбал,   ХБНГУ-д нэр дэвшигч сурталчилгааны ажилдаа гаргасан зардлыг сонгогдсоных нь  дараа төрөөс буцаан олгодог. Ер нь сонгуулийн зардал өндөр байгаа нь ардчиллыг бэхжүүлэхэд сөргөөр нөлөөлөх талтай ба гарааны шударга бус байдлыг бий болгох эрдсэлтэй.  Харин намыг сонгох буюу холимог тогтолцоог давуу тал гэж харж байна. Нийгмийн олон бүлэг УИХ-д сонгогдох боломжтой болж байгаа юм. Мөн сонгогчийн саналыг гээгдүүлэхгүй байх боломжтой болж байгаа ч энэ давуу талаа хэрхэн ашиглах вэ гэдэг нь бидний сонголтоос хамаарч байна. 

“Сонгуулийн кампанит ажлын санхүүжилт ил тод байх ёстой”

-Сонгуулийн зардлын явцын тайланг сонгуулийн сурталчилгаа дуусахаас гурав хоногийн өмнө нам, эвсэл, нэр дэвшигч тус бүр өөрсдийн цахим хуудаст байршуулж, Үндэсний аудитын газарт хүргүүлдэг. Эцсийн тайланг санал авах өдрөөс хойш нам эвсэл 45 хоногт, нэр дэвшигч 30 хоногт багтаан аудитын байгууллагад тус тус хүргүүлдэг зохицуулалттай. Үүний дараагаар Үндэсний аудитын газар есдүгээр сарын 26-ны дотор нэр дэвшигчдийн тайланд хийсэн дүгнэлтээ, аравдугаар сарын 11-ны дотор нам эвслийн тайланд хийсэн дүгнэлтээ цахим хуудсандаа байршуулж, олон нийтэд мэдээлнэ. Сонгуульд өрсөлдөгч талууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн тэгш гараанаас шударгаар өрсөлдөх боломжтой байх нь чөлөөт шударга сонгуулийн нэг гол зарчим. Иймд энэ зарчмыг хангахад сонгуулийн кампанит ажлын санхүүжилт ил тод байх ёстой. Энэ жилийн хувьд бид өөрсдийн тогтсон аргачлалын дагуу сонгуульд оролцож буй нийт 21 нам, эвслийн 1330 гаруй нэр дэвшигчийн сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайланг хуульд заасны дагуу ил тод тайлагнаж буй эсэх, холбогдох төрийн байгууллагууд хяналт тавьж, ил тод мэдээлж буй эсэхэд хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлнэ. Бидний хувьд өнгөрсөн гурван удаагийн сонгуульд зардлын анхдагч тайланг авахад нэлээдгүй бэрхшээлүүдтэй тулгарч байсан. Тухай бүрд нь заавал ХЭҮК-т хандах замаар гурван сонгуулийн зардлын анхдагч хувилбарыг авч, нягтлах зэргээр цаг алдаж байв. Тэгвэл энэ жилийн хувьд сонгуулийн тухай хуульд шинээр бүртгэгдсэн ТББ зардлын тайланг хүлээж авах, нягтлах эрхтэй гэх нэмэлт заалт орж ирсэн нь зардлыг хянахад цаг алдалгүй байх давуу тал үүсэж байна. Анх бид 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ажиллахад гурван нам, гурван нэр дэвшигчээс нийлээд 17-хон хуудас материал авч байсан. Тэр 17 хуудас материалыг авахын тулд Хүний эрхийн Үндэсний Комисс руу гомдол гаргаж нэгээс хоёр жилийг зарцуулж авч чадсан. Ээлжит 2020, 2021 оны сонгуульд бид ажиллахдаа мөн төрийн байгууллага мэдээлэл өгөөгүйн улмаас гурван жилийн хугацааг зарцуулж байж авсан. Гэхдээ 2020, 2021 онд бид 100 гаруй боть, 30 гаруй мянган хуудас сонгуулийн зардлын тайлангийн мэдээлэл авсан байна. Үүнээс харахад бид дэвшилд хүрч чадаж байна. Одоогоор "Бодлогод залуусын хяналт" ТББ нь сонгуульд оролцож байгаа нийт 21 нам, эвслээс нэр дэвшиж буй 1336 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй мэдээллийн хайлтын сан www.opendatalab.mn сайтад нэгтгэн, төрийн худалдан авалт болон бусад нээлттэй эх сурвалжуудтай харьцуулах боломжтой болгоод байна. Үндэсний аудитын газраас сонгуулийн хуулийн 38.8 болон 38.13-т заасны дагуу нам, эвслийн хандивын тайланд хийсэн дүгнэлтээ зургаадугаар сарын 14-ний өдөр буюу хуульд заасан хугацаанаас дөрвөн өдрийн дараа www.audit.mn сайтад байршууллаа. Уг тайлан нь 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны хоёрдугаар  сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааг хамарсан болно. Тус мэдээллийг үзвэл нийт 30 нам, эвслийн хандивын тайланд дүгнэлт хийжээ. Үүнд, жишээ нь МАН 155,840,000 төгрөг, Сайн ардчилсан иргэдийн төлөө нам 1,500,000 төгрөгийн хандив хүлээн авсныг баталгаажуулсан байна. Түүнчлэн, мөрийн хөтөлбөрийн дүгнэлт, нэр дэвшигчдийн хандивын дансны мэдээллийг ил тод байршуулжээ.

“Санал хураалтын явцын хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана”

-Одоо манай байгууллага ”Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүний үүргээ биелүүлж үндсэн хоёр асуудал дээр нь мэргэшиж ажиллаж байгаа. Үүний нэг нь сонгуулийн өдрийн ажиглалт. Улаанбаатар хот болон орон нутагт 120 орчим хэсгийн хороо дээр 240 гаруй ажиглагч бэлдэж байна. Энэ нь сонгуулийн санал хураах өдрийн эхлэлээс гар тооллого буюу хяналтын тооллогыг дуустал явагддаг. Энэ жилийн сонгуультай нийлээд зургаан сонгуульд давхардаагүй тоогоор 1200 орчим залуусыг бэлдэж байна. Үүгээр сонгууль хэрхэн явдаг гэдэг мэдээллийг залуус авч сонгогчийн боловсролыг эзэмшиж байгаа явдал юм. Энэхүү ажиглалт санал хурааж эхлэхээс санал тоолох хүртэл бүх үйл явцыг хамарна. Ойролцоогоор 24 цагийн ажиллагаа болно. Түрүүн дурдсанчлан Улаанбаатар хот болон орон нутагт байх 120 хэсгийн хороон дээр ажиглалт хийж буй 240 орчим ажиглагчдын мэдээллийг нэгтгэнэ. Тэгснээр санал хураалтын үед хууль хэрэгжиж байна уу гэдэг дээр хөндлөнгийн хяналт хийнэ. Ингэснээр сонгуулийн дүнд өөрчлөлт гарах хэмжээний асуудал гарсан эсэх дээр дүн шинжилгээ хийнэ.  Одоогоор сүлжээний гишүүн “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын томилсон иргэний нийгмийн ажиглагчид, сонгуулийн ажиглагчдад зориулсан биечилсэ болон цахим сургалтад хамрагдан санал хураах үйл явцыг ажиглаж эхлээд байна. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комисс Гадаад харилцааны яаманд ажиллаж байна. Төв комиссоор дамжуулан ажиглагчдыг бүртгүүлэхэд холбогдох хаяг, утас нь тодорхойгүй байх, гишүүдийнх нь хуулийн мэдлэг сул байгаагаас ажиглагчаар бүртгүүлэх хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд дамжуулж, шийдэлгүй удаашруулсан зэрэг бэрхшээл тулгарлаа. Хуулийн дагуу гадаадад санал хураалт эхлэхээс 5-аас доошгүй өдрийн өмнө ажиглагчдын үнэмлэхийг гардуулах ёстой байтал санал хураалтыг тулгаж үнэмлэхийг олгов.  Гадаадын ажиглалтыг БНСУ-ын Сөүл, АНУ-ын Нью-Йорк, Япон Улсын Осака хотод зохион байгуулж байгаас дотоодын ажиглалтын хувьд Төв, Говь-Алтай, Архангай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Хөвсгөл, Увс, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Сэлэнгэ 12 аймагт 25 ажиглагч ажиллах ба Улаанбаатар хотын зургаан дүүргийн 110 гаруй хэсэгт 260-аад залуу иргэний ажиглалтыг зохион байгуулж, оролцож байна.

 

“Сонгуулийн зардлыг бууруулах ёстой”

-Манай улс 2012 оноос сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлсэн. Ингэснээр сонгогч болон саналыг дүнг цаг алдалгүй гаргах боломжтой болсон. Бид Манай ажиглагчид гар тооллогыг ажигладаг. Тэд маань ямар ч цалин мөнгө авахгүй, сайн дураар ажилладаг нам бус, төрийн албан хаагч бус сонгогчдыг төлөөлөгчид байгаа. Гадны улс оронд иргэний нийгмийн ажиглагчид нь бүтэн суудаг, үүнийг нь эрх зүйн орчноор нь хангаж өгсөн газар ховор байдаг юм билээ. Энэ нь манай орны хувьд том амжилт юм.  Мөн бид олон улсын парламентын үйл ажиллагаанаас суралцах ёстой.  Ялангуяа сонгуулийн өндөр зардлыг хэрхэн бага гаргах вэ гэдэг дээр суралцах хэрэгтэй байна. Дэлхийн улс орнуудыг ажиглахад хуулийн этгээдийн хандивыг багасгах хэрэгтэй болж байгаа юм. Сонгогч бол хандив өгч болно. Энэ бол итгэл үнэмшлийн асуудал.  Харин хуулийн этгээд гэдэг нь хийсвэр ойлголт. Өмнөх сонгуулиар хуулийн этгээдийн хандив 20 сая хүртэлх төгрөг байсан бол энэ жил 30 сая төгрөг хүртэлх болж өссөн. Хөөсөрсөн энэ их зардлыг бууруулах аргыг бусад улс орноос суралцах хэрэгтэй байна.

 

М.ЧИНБИЛЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 124 (7368)