Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн  гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өмгөөлөгч  Э.Шинэцэцэг өчигдөр /2024.06.26/ мэдээлэл хийсэн юм. Учир нь түүний үйлчлүүлэгчийг ил захидал бичсэн. Уг захидалдаа хэн хэнд мөнгө өгсөн гэдгээ бичиж, шуугиан тариад байна гэх захиа сошиалд цацагдсан юм.

Энэ талаар тэрбээр "Миний үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар ил захидал бичээгүй. Сонгуулийн үеэр ийм худал мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна. Б.Ганхуягийн өнгөрсөн өвөл Хүний эрхийн үндэсний комисст бичсэн захидлын зургийг ашиглаж, түүнийг захидал бичсэн мэтээр худал мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн байгууллагыг залруулга гаргахыг хүсэж байна. Худал мэдээлэл түгээх нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Тиймээс бид уг худал мэдээллийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн ярьсан юм.

Түүний үйлчлүүлэгчийн хэргийг эргэн сөхвөл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг нийтийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсны улмаас олсон хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж, мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг санаатай үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон,  Чингис хаан банкинд эдийн засгийн давуу байдал олгож "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 40 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцон, 5.9 жилийн хорих ял оноож, 9.9 тэрбум төгрөгийг хураан авсан юм.