Их хурлын энгийн арифметик-2

 

Сонгуулийн үед “Х” сонгууль цуврал өгүүлэл бичсэн билээ. Сонгуулийн үргэлжлэл нь “Х” парламент болсон тул энэ талаар бичих ёстой, ирээдүйн дөрвөн жилийн улстөр энэ загвараар өрнөнө. Хууль нь энэ…

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйл.

 

…2.Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно…

 

Дөчин гуравдугаар зүйл. /Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./

 

1. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

 

2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно…

 

Үндсэн хуулийн эдгээр заалтууд шинэ парламентад амилна. Өмнөх парламентад сөрөг хүчин дөрөвний нэгд хүрдэггүй байсан. Харин энэ удаагийн сонгуульд МАН 68, АН 42, ХҮН 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг ногоон нам 4 суудал авлаа. Засгийн газрыг дангаараа байгуулахад хүрэлцэхүйц санал авсан ч МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намд хамтарсан Засгийн газар байгуулах уриалга гаргажээ. Анзаарвал тойргоос гишүүнтэй намуудад санал тавьжээ. Хэрэв тэд ЗГ-т хамтарвал 128 гишүүний дэмжлэгтэй Засгийн газар бий болно.

 

Үндсэн хуулиар Ерөнхий сайдыг огцруулах саналыг 32 гишүүн тавих эрхтэй. Гол сөрөг хүчин АН гэтэл 42 суудалтай! Саналыг парламент хүлээн авч хэлэлцэж эхэлбэл ердийн олонхиор буюу 64 саналаар огцруулж дөнгөнө. (АН-42 + ХҮН 8 + ҮЭ 4 + ИЗНН 4) = 58. Сөрөг хүчин 100 хувь санал нэгдээд ЗГ-ыг унагахгүй, 6 санал дутна. Харин тэр 6 саналыг МАН-аас өөрөөс нь татах ёстой!

 

Өөрөөр хэлбэл МАН дангаараа ЗГ байгуулбал хэврэг гэхэд хаашаа юм, гэхдээ эмзэг ЗГ бүрдэх магадлалтай юм. Эмзэгийн шалтгаан нь дотоод зөрчил. Засгийн газарт хамгийн аюулгүй буюу хязгааргүй эрх мэдэлтэй ЗГ байгуулахын тулд МАН дангаараа 94 суудал авах, эсбөгөөс АН-ын суудлыг 31 ба түүнээс доош байлгах, ингэхдээ өөр эвсэх намгүй байлгах ёстой. Энэ бол бараг боломжгүй, боломжтой бол одоогийн парламентаас аюултай, нэг хүний засаглал руу чирч мэдэх эрсдэлтэй тул ардчилсан нийгэмд бараг одоогийнх нь хувилбар дээр биз ээ. Нэгэнт ард түмэн сонгож байгуулсан парламент тул одоо байгаа өгөгдөл дээр л шатар нүүх хэрэгтэй. Эхний нүүдлийг Л.Оюун-Эрдэнэ хийсэн нь хамтарсан ЗГ байгуулах уриалга байлаа.

 

Сонгуулийн өмнөх гурав хоног

 

Сонгуулийн өмнөхөн хийсэн судалгаагаар МАН хэт давуу байдалтай бөгөөд “Н.Энхбаярын эрин үе” айсуй талаар анхааруулж бичиж байсан. МАН-ын авах суудлын тоо 80 руу тэмүүлж байна гэж.

Гэтэл…

 

Хангайн тойрогт сүрхий будилаан болжээ. Яг намайг өгүүллээ бичиж байсан тэр орой УИХ-ын дарга Г.Занданшатар, ЭМ-ийн сайд Д.Чинзориг нар зодолджээ. Ингээд МАН-ын нэр дэвшигчдийн баг задарчээ. Тойргийн хамгийн олон сонгогчтой тулгуур аймаг нь Өвөрхангай байв. Өвөрхангайн гишүүд өмнөх ЗГ-ын үед ч бүлэглэж, асуудлаа тулгаж чадаж байсан ба Г.Занданшатар өөрөө тус аймгийнханд түшиглэж байв. Гэтэл МАН-аас дэвшсэн Өвөрхангайн гишүүд өөрийн аймгийн АН-ын гишүүдийг ч дэмжихээр тохирсон тухай хов Г.Занданшатарын чихэнд хүрснээс зодоон болжээ. Ингээд Өвөрхангай, Банхонгорын намууд зөвхөн өөрийн аймгийн дэвшигчийг дугуйлах команд авч, үлдсэн хоногт эвлэж чадсангүй дайтсаар сүйрчээ. Гэвч хуйвалдаан үнэн байсны баталгаа нь АН-аас нэр дэвшсэн Өвөрхангайн залуу нэгээр гарч иржээ. Үүний цаана МАН-ын улстөрийн явуулга, дэрээс шидсэн чулуу байсныг ч үгүйсгэхгүй.

 

Учир нь сонгуулийн дараа парламентыг Ерөнхийлөгчийн фракцаас удирдах уу?, Ерөнхий сайдын фракцаас удирдах уу? гэдэг нь гол асуудал болоод байв. Энэ ч бас ЗГ-ын насан батдахтай хамаатай асуудал. Тиймээс Г.Занданшатарыг унагаад оронд нь өөр хүн тавих хоёр сонирхлын дунд Г.Занданшатар хайчлуулаад унажээ. Яг сонгуулийн үед парламентын дарга хамгийн эмзэг байдаг гэсний учир энэ.

 

УИХ анхны хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын ХЭГ-ын дарга Л.Амарбаясгалан УИХ-ын дарга болов. Түүнтэй Ерөнхийлөгчийн зүгээс Ж.Энхбаярыг өрсөлдүүлээд алдсан ч уран нүүдэл хийж Г.Занданшатарыг өөрийн ТГ-ын дарга болгож, Д.Амарбаясгалангийн намын генсекийн ажлыг ЕТГ-ын дарга Я.Содбаатарт авч өгөв. Үүний учир нь Зандкад хайртайдаа бус намын генсекийг авах гэж яарсных. Үүнийгээ амжуулаад Казахстан нислээ. Г.Зандашатар парламентад хурдан нэвтэрч чадах бол Я.Содбаатар намыг Ерөнхийлөгчтэй найдвартай холбох юм. Дээрээс нь “хүүгээ” цахим хөгжлийн сайд Н.Учралыг ЗГХЭГ-ын даргын суудалд шахаж эхэлсэн нь тэртээ 2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгч болоод өөрийг нь Л.Оюун-Эрдэнээр тушсантай адил алхам юм. Гэвч Л.Оюун-Эрдэнэ үүнийг шийднэ. 

 

Учир нь Үндсэн хуулийн 39-р зүйлд:

 

… 2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

 

3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

 

4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө… гэж заасан байна. Сонгуулиас 7 хоногийн өмнө МАН хэт олонхи болох төлөвтэй болсны дараа МАН-ын зүгээс өмнө бичсэн шалтгаанаар “цэгэн буудлага” хийсэн байж ч магадгүй байна.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар, ЭМ-ийн сайд С.Чинзориг, МАН-ын бүлгийн ахлагч Д.Тогтохсүрэн, Батлах хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар уг нь сонгогдох бүрэн бололцоотой байсан ч цэвэрлэгээнд өртжээ. Эндээс л гэхэд МАН гарцаагүй дөрвөн суудлаа сулласан.

 

Д.Тогтохсүрэнгээс бүлгийн ахлагчаа авах нь УИХ-ын даргаа авахаас чухал. Бүлгийн ахлагч л гишүүдээ аль талд зангидахыг тэр л шийддэг чухал цэг, чухамдаа улстөрийн ач холбогдлын хувьд ЗГХЭГ, ЕТГ-тэй зүйрлэхүйц байрлал. Улстөрд “УИХ-ын дарга биш олонхийн бүлгийн ахлагч парламентыг удирддаг” гэдэг. Цагтаа УИХ-ын дарга Л.Энэбишийг таалал төгссөний дараа тэр үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаяр тэр үед ойрын шадар УИХ-ын гишүүн Ж.Бямбадоржид “Та парламент талаа хариуцна биз” гэж хэлснийг УИХ-ын дарга болох нь гэж андуурсан тухай их бичиж байсан. Тэгэхэд УИХ-ын даргаар Д.Төмөр-Очирыг, бүлгийн ахлагч бөгөөд дэд даргаар Ж.Бямбадоржийг томилсон бөгөөд Ж.Бямбадорж нь илүү нөлөөтэй улстөрч байсан юм.

 

Өвөрхангайд болсон хүн амины хэргээс болоод хангайн тойргийг сүйрлээ гэж байгаа ч асуудал өөр шалтгаантайг эндээс харж болно. Г.Сайханбаярыг МАН-ын дарга, генсек хоёр нь яаж шахсаныг бүгд харсан. С.Чинзориг унаад нэг яам суларсан. Ер нь энэ тойрог Ерөнхийлөгчийн тодорхой хэлбэл ЕТГ-ын дарга Я.Содбаатарын шүхэр дор байсан байхгүй юу… Харин түүнийг Ерөнхийлөгч “Үндэсний эвсэл”-ээр нөхсөн. Сонгуулийн үед хуучин хотын фракц-Н.Номтойбаярын эвсэлд хайр найргүй хандсан юм. Ерөнхийлөгчийн илэрхий дэмжлэгээр Үндэсний эвслийг парламентад багтаасан, гэтэл МАН-ын сонгуулийн штаб тэдний эсрэг бүхнээ дайчилсан шүү дээ! СЕХ-ны тогтоол гарахаас өмнө хоёр биш гурван намын эвсэл байсныг нь нотлосон “Шинэ нэгдсэн эвсэл”-ийн бослогыг газар авахаас урьтаж СЕХ-ны тогтоолыг Ерөнхийлөгч хүлээн авч, анхдугаар чуулганыг яаран хуралдуулснаар асуудлыг газар авахуулалгүй дарж орхисонд тэмцэгчид ҮХЦ-д хандахаас өөр гарцгүй болсон.  

 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хар залуугаас намын аппаратад хамт ажиллаж байсан, нэг удаа У.Хүрэлсүх мань эрийг босож чадахгүй болтол нь балбаж орхисон, тэгэхэд одоогийн залуусаас ондоо хүмүүс байсан, хав дараад өнгөрсөн түүхтэй…

 

Хоёрдугаар тойргоос эмийн сонсголд нэрээ алдсан С.Энхболдыг анхнаас нь адлаж, Ц.Цэрэнпунцаг нарыг цэвэрлэжээ. Бүр Чингэлтэйд Сү.Батболдын фракцын үнэнч гишүүн М.Оюунчимэг цэвэрлэгээнд өртсөн байна. Бодит байдалд одоогийнхоос дор хаяж 5-7 гишүүн найдвартай авчих байсан ч ЗГ байгуулах үед эсвэл түүний дараа туйлын төвөгтэй байдал үүсгэж, дотоод хуйвалдаан зохион байгуулж, эрх мэдэл булаацалдаж болзошгүй хүмүүсийг оруулснаас бусад намынхан орсон нь дээр гэж үзсэн бололтой байна. Говийн тойрогт Б.Дэлгэрсайханы эзэнт гүрнийг хэт тэлэхээс сэргийлснээс МАН зарим суудлаа алдсаны дотор Сү.Батболдын фракцынхан ч багтжээ. Баруун бүсийн тойрогт Ч.Хүрэлбаатар унав. Тэр Увсдаа гурваар гарсан ч бусад гурван аймагт 12-руу шидэгджээ.

 

Ингээд сонгуулийн дүн гарахад МАН 68 суудалтай болжээ. Бараг есөн суудал гуравхан хоногт… Сонгуулийн үед МАН-ын төв аппарат АН-ын МоАХ-аас бусад фракцийг ширүүн дайрч байсан бол эсрэг этгээдээс гагцхүү Л.Оюун-Эрдэнийг онилж байсан юм.

 

“Цэгэн бөмбөгдөлт хийхэд илүү их ур чадвар, нарийн мэдрэмж шаарддаг. Тойргоо бүхлээр нь сүйтгэхээс сэргийлэхгүй бол алдагдал ихэсдэг, бяр муутай нь ширвэгдээд уначихдаг. Тэртээ 1990 онд Н.Чаушескугийн дэглэм иргэдийнхээ эсрэг цэгэн бөмбөгдөлт хийгээд нуран унаж байсан. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар МАН-ын “үзэл суртлын штаб” маш урлагтай маневрлажээ. Хүмүүс сонгуулийн үр дүнг эерэгээр хүлээн авах нэг шалтгаан нь эдгээр дэвшигчид унасанд байсныг анзаарах хэрэгтэй!  

 

…Гэтэл, МАН-ынхан сонгуулийн дүнг хараад цочирдсон бололтой байдаг. АН 42 суудал авна гэж төсөөлөөгүй байх. МАН-аас алдагдсан санал нөгөө тал руу гулсдаггүй, АН шиг алдагдсан саналууд нь бусад намууд руу тархдаггүй. Харин Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл”-д хайр найргүй байсан шалтгаан нь алдагдсан саналыг тосч авах савгүй л байлгах гэснийх. Тэднийх л санал шингээх аюултай. Орон нутгийн цэвэрлэгээний явцад АН хожжээ. 42 суудлыг хараад зарим хүн АН хэрэв эв нэгдэлтэй ажилласан бол ялах байж хэмээн амаа барьж байна. Х.Баттулга тойргийнхоо нөхцөл байдлыг хараад санал хураалтаас 7 хоногийн өмнө ярьсан байна. Ингэж хэт савах нь дараагийн улстөрд халалт үүсгэж мэднэ. Олон хүн гудамжинд үлдвэл аюултай. Говийн тойргийг суллахгүй бол асуудалтай шүү! Гэж… Энэ сонгуульд АН, МАН-ын хооронд нэг л ялгаа байсан. АН тойрогт “мөлхөж” байж тэнд ажилласан нэр дэвшигчдийнхээ чармайлтаар сүйрсэн жагсаалтаа тэтгэсэн. Харин агаарт буюу мэдээллийн орчинд МАН ааглаж байсан. Зогсоо зайгүй нүдэж байсан ч иргэдийн солонгоруулах эрмэлзэл л АН-ыг аварчээ. Магадгүй хоёр тал мэдээллийн орчинд эн тэнцүү үзэлцсэн бол АН ялах байсан ч байж магадгүй, эсвэл МАН дан хууччуулдаа найдах байсан. Учир нь “танихгүй бурханаас таньдаг чөтгөр” гэгчээр хэт том тойрогт хууччуул гарах магадлал илүү байв. Жишээ нь Хөвсгөл, Булган, Эрдэнэтэд АН-аас танигдсанаараа ганцхан Х.Баттулга нэгээр гарч, зургаа нь хаягджээ.

 

Зудын бэрхшээл, хот дахь МАН-ын дотоод хямрал хөрсөн дээрээ АН-д таатай л байсан, тэр таатай нөхцлийг бүрэн ашиглаж чадаагүй, хотод дөрөвхөн суудал авсан. Гэхдээ хөдөөд нөхсөн, хотод жагсаалт нь сүйрсэн ч АН-ын электорал суурь намаа дугуйлжээ. Пропорционалийн санал гээдэггүй сайн тал ялагдаж байсан АН-д үйлчилж аварчээ.

 

Гол нь АН-д ажиллаж байсан, 2017 онд Х.Баттулгыг ялуулсан багийн гол цөм нь Л.Оюун-Эрдэнэд ажилласан байна. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ ганцаараа намаа чирсэн. МАН-д PR штаб гэж байгаагүй, төв нам нь тун идэвхгүй ажилласан. Хэрэв дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ баг АН-ын нэр дэвшигчид ажиллавал ялалт нөгөө талд гарчих магадлалтай тул АН-ынхан эртнээс худалдаж авахаа бодсон нь зүгээр дээ…

 

Намын аппаратын хэвлэл мэдээллийн хэлтэс, намын олон нийттэй харилцах албанд тулгуурлаж сонгуулийн сурталчилгааны ажил зохион байгуулах нь хоцрогдсон бөгөөд хэт удаан, догма, чөлөөт сэтгэлгээ байдаггүй, тэр хэрээр иргэдийг татаж чаддаггүй нь нотлогдлоо.

 

Намын сонгуулийн кампанит ажил намын аймхай дарга, хуулийн хэлтсийн “болохгүй” гэсэн хориг дор ажиллавал хэзээ ч ялахгүй! Сонгуульд оролцоо ч үгүй, хаа хамаагүй найман жилийн өмнө улстөрөөс гарсан Ц.Элбэгдорж гэдэг “Зомби”-г босгоод С.Зоригийг хөнөөсөн хэргээр зодож харуулсаар МАН ялчихлаа шүү дээ! Үнэндээ АН-д зодуур даах нь Ц.Элбэгдорж л байсан хэрэг, өнөөх нь бас сөрөөд үзэлцээд байх юм, зүгээр нам жим хэвтчихсэн бол хамаг ажлыг нь нураахгүй юу. АН өөрөө хэт сул дорой байв, харин Ц.Элбэгдорж МАН-ын PR багт туслаад намаа унагчихлаа. Эцсийн эцэст тэр АН-ын үеэ өнгөрөөсөн хуучин улстөрч сонгуульд ямар падлийтай байсан бэ? Зүгээр л жүжиг шүү дээ! МАН-ын ялалт бол Л.Оюун-Эрдэнийн ах Хэро Б.Баатарынх. Тэгээд ямар Ерөнхий сайд болголтой нь биш, өмнө нь АН-ынхан Ерөнхийлөгч болгоогүй биз дээ? 2017 онд…

 

“Х” парламент

 

МАН-ын Ерөнхий сайд ба АН-ын экс Ерөнхийлөгч, МАН-ын Ерөнхийлөгч ба АН-ын дарга Лу.Гантөмөр гэсэн зөрсөн хүчин яг “Х” парламентыг үүсгэж байна. Нарийндаа МАН, АН-ын гишүүдийн тоог биш Л.Оюун-Эрдэнийн баг ба Х.Баттулгын МоАХ-ын гишүүдийн нийлбэр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ба Лу.Гантөмөрийн фракцын нийлбэрээр парламент дахь хүчний харьцааг тооцсон нь дээр. Хэрэв Х.Баттулга тойрогтоо амиа бодоогүй бол фракцаа өргөжүүлэх л байсан. Харин Л.Оюун-Эрдэнэ цэвэрлэгээ хийгээгүй бол эсрэг этгээдээ өргөжүүлэх байсан. Энэ хоёрын нийлбэрээр сонгуулийн төгсгөлд тэд алдагдал үзсэн байна.

 

Сонгуулийн дараа Ерөнхийлөгч илүү сурцтай нүүдэл хийж Л.Оюун-Эрдэнийн цэвэрлэсэн хууччуулыг өөртөө татаж, төрийн бусад институциудад байршуулж эхэллээ. Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар нар өндөр суудалд суухаар болов.

 

МАН-ын иерархи нь аливаа цоо шинэ хүнийг хүлээн авдаггүй, заавал эрэмбэлдэг. Л.Оюун-Эрдэнэ сонгуульд ялалт байгуулсан ч төрийн гол зангилаа албан тушаалуудад өөрийн залуусаас томилох боломжгүй болчихоод байна. Нам нь зөвшөөрөхгүй! Хэрэв намаасаа зөрвөл “дураар аашилсан” гэгдэж өөрөө дэмжлэгээ алдана. Залуус олон ч улстөрийн жин багатай. Тиймээс цөөн үлдсэн дунд үеийн улстөрчид түүний буянаар гол гол албанд очиж байна. Л.Оюун-Эрдэнэ л баахан залуусыг чирч байгаагаас биш намын эрх мэдэл одоо 50-иад насныханд бий. Тиймээс ялалтын дараа үнэмлэхүй олонх анх сонгогдсон залуусаар бүрдсэн Л.Оюун-Эрдэнийн баг бүслэгдэж эхэлжээ. Өөрөө ч үүнийгээ эрт анзаарч эвсэх санал гаргасан хэрэг. Одоо түүнд бодит тулгуур нь амжиж томилсон Д.Амарбаясгалан болж байна. Тэр намаа эмхлэх ёстой!

 

Хэрэв эвслийн ЗГ байгуулбал МАН дахь хууччуулын хяналтаас мултарч чадна. Сонгуулиар АН-ын хууччуулыг намнасан бол одоо намынхаа хууччуултай шатар нүүх болов. Сонгуулиар Монголын улстөрд үе солихоор хэтэрхий улайрсан нь ийм байдалд хүргэлээ л дээ. Үүний тулд АН-ын Х.Баттулгын дэмжлэг хэрэгтэй.

 

Гэхдээ сайн ч муу ч намын албан ёсны дарга Лу.Гантөмөрийн шийдвэрээс их зүйл хамаарна. Саналын дараа АН яаравчлан бүлэг байгуулж, даргаар нь О.Цогтгэрэлийг томилов. МАН, АН-аас албан бүтцээс гадуур ажлын хэсэг байгуулж, эвсэх асуудлыг ярилцахаар тогтжээ. Хуучин МАНАН-тай шинэ АНМАН өрсөлдөх болов. Нэг талд дангаараа Засгийн эрх барих, нөгөө талд дангаараа Засгийг өргөн барих хүчин. Нэг тал нь эрхээ хуваалцах санал тавьж байна, нөгөө тал нь эргэлзэж байна. Хэрэв эвслийн ЗГ байгуулбал Л.Оюун-Эрдэнэ хүчирхэгжинэ. Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоогийн байрлалдаа сэтгэл хангалуун байгаа байх. Парламент, ЗГ-ын харилцаа түүнд нэг их чухал биш. Ерөнхийдөө тогтвортой засаглах нь намд нь ч өөрт нь ч хэрэгтэй. Аль ч талаараа эвссэн эцсийн эцэст түүнтэй л зөвшилцөнө.

 

Ерөнхийлөгчид тун таатай орчин! Дээр нь тэр намдаа бэхэжсэн тул дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэхээ мэдэх боллоо, тэгээд ч Үндсэн хуулиар түүний үеийнхэн л дэвшинэ, дээр нь Үндсэн хуульд өөрчлөлт хийх эсэхийг ч тэр бодлогоор шийдэх боломж бүрдсэн. Тэр өөр илүү юманд орооцолдохгүй, харин бэлэн өрөг дээр л тоглох тул санаа амарчээ. МАН-ын тоглоом ийм.

 

Ингээд эцэст нь аанай л АН ЗГ-т эвсэх эсэх дээр зөрчилдөж эхэллээ. АН-аас сонгуулийн үед жагсаалтын гишүүдээс сайд томилохгүй гэж мэдэгдсэн юм. Тиймээс эвслийн ЗГ байгуулж гэмээ нь жагсаалтын гишүүд орохгүй болов. Үүний улмаас хэлэлцээрийн гол саад нь Лу.Гантөмөр болжээ. Эвсвэл намын даргын хувьд тэр Шадар сайд болох ёстой. Гэтэл жагсаалтанд орсон. Жагсаалтанд орсон хүнээр сайд тавихгүй гэсэн. Гэтэл намын дарга шадар сайд болох хүсэлтэй тул өнөө тодорхойгүй байдалдаа намаа оруулчихжээ. Тойргийн гишүүд ЗГ-т орох сонирхолтой, тэд санхүүгийн болоод сэтгэл зүйн хамгийн хүнд ачааг үүрсэн, бас тойрогт хамт яваад унасан багийнхандаа “сэтгэл санааны” өртэй тул яам аваад бусаддаа хүртээх хүсэлтэй. Тиймээс эвсэх ажлын хэсэгт тойргийн гишүүд олон орвол эвсэх тал нь хүчтэй, жагсаалтынхан орвол эвсэхгүй сонирхол ихтэй.

Тэгээд ч тойрогт унасан нэр дэвшигчид аль аль талдаа “нөхөн олговор” маягаар яам, түүнийг дагасан агентлагуудыг авах ёстой гэж шахаж байгаагаас ЗГ-т бараг л эвсэх болов уу даа! Хэрэв удвал гацаа нь аль талд нь тэвчээр алдрах уур амьсгал үүсгэж байгаа ба АН-ынхан даргаа солихдоо тулах, МАН-д эвсэх саналаа буцаах шахалтыг үүсгээд байна… Өнөө л “Х” зөрчил!

 

А.Баатархуяг