Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагаас зөрчлийн шинжтэй 44,828 зөрчилд 44,430 хүнийг холбогдуулан шалгаж, 43,969 иргэнийг торгожээ. 

Тухайлбал хүүхдийн эрхийг зөрчсөн 61 иргэнд 18,300,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 97 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулсан байна.

Зөрчлийн хэргүүдийн 1,544 нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, танхайрах 81, хүний биед халдах 295, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 399, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 41,029, бусад 1,480 зөрчил байна.

Үүнээс гадна 2,585 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 65 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Тухайлбал нэр бүхий иргэн нь Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны тоотыг 2023 оны долдугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд түрээслэх явцдаа цахим орчинд “ажил хайж байгаа охид байвал холбогдоорой амархан ажил байна шүү” гэсэн зар байршуулж, зарын дагуу ажил эрхлэхээр ирсэн охидыг биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан гэх хэрэгт иргэн эрэгтэй, О.Н-ийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн болохыг ЦЕГ-аас мэдээлэв.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэжээ.

Эрүүгийн хуулийн заалтаас:

12.6 дугаар зүйл.Биеэ үнэлэхийг зохион байгуулах

2.Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.