Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэж нас барсантай холбогдуулан ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар мэдээлэл өглөө. 

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: 461 дүгээр хоригдож байгаад Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байх үедээ нас барсан 21 настай иргэний ар гэр төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Энэ хэрэг гарсан даруйд ХЭҮК төрийн байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд нь хяналт тавих үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ хүрээнд цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хяналт тавьж байгаа прокуророос мөн эмнэлгийн байгууллагаас, өмгөөлөгчөөс нь тодорхой мэдээлэл аваад байна. Материал цуглуулан шалгах хянах ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа. Мөн дүүргийн прокурорын хэлтсээс хяналт тавьж ажиллаж байна. Шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээж байна. 

Нэгдүгээрт эрүү шүүлт тулгасан асуудлаар нэгдүгээр сард гомдол гаргасан. Үүнийг АТГ-аас хянан шийдвэрлэж дуусаагүй. Ажиллагаанд явж байгаа гэдэг хариуг өгсөн. Энэ асуудлыг яаралтай хянан шийдвэрлэж дуусах ёстой. Процессын хугацааг анхаарах ёстой гэж манай байгууллагын зүгээс үзэж байна. Мөн гэм бурууг нь яаралтай тогтоох ёстой. Цаашид энэ хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод мэдээлж байхыг шаардана. Хоёрдугаарт, энэ хэрэгт хяналт тавьж буруутай этгээдэд хариуцлага тооцох үйл ажиллагаа болон дүгнэлт яаж гарахаас шалтгаалан Комиссын чиг үүрэгт заасан үйл ажиллагааг хуулийн хүрээнд хангуулан ажиллах болно.  

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа: Энэ хэрэгт бид шуурхай ажиллагаа явуулсан. 23-ны өдрийн 19:00 цагт уг мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. 24-ний өдрийн 09:00 цагт ХЭҮК-ын шалгалт эхэлсэн. 

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар: ХЭҮК-оос энэхүү харамсалтай мэдээлэл цацагдсан даруй шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Өчигдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулсан. Холбогдох баримт бичиг, хяналтын камерын бичлэгт үзлэг шалгалт хийсэн. Талийгаач 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй прокурорын зөвшөөрлөөр баривчлагдсан. Үүнээс хойш гурван удаагийн шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байсан. Тухайн иргэн 2024 оны долдугаар сарын 11-нээс хэвлийгээр өвдөж байна гэсэн өгүүлэмжтэй тухайн ангийн эмнэлэгт хандсан байдаг. Эмчилгээ хийлгээд долдугаар сарын 13-ны өдөр хорих байр руу шилжсэн нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн ангийн камерын бичлэгт хяналт хийхэд 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр 16:30 цаг орчимд хорих өрөөний нойлд бие засаж байхдаа уналт таталт өгч байгаа бичлэг авагдсан. Анхны тусламжийг тус хорих өрөөнд хамт хоригдож байсан иргэний зүгээс үзүүлээд нийтдээ 01:20 минутын дараа ШШГГ-ын алба хаагч өрөөнд орж анхны тусламжийг үргэлжлүүлэн хийж байгаа дүр зураг байна. 17:02 цагт яаралтай түргэн тусламж 103-т дуудлага өгөөд 17:25 цагт яаралтай тусламжийн эмч хорих байранд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Ингээд 18:23 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт тухайн иргэнийг хүргэсэн байна. Нийт 23:37 цагийн туршид эмчилгээ үйлчилгээ хийгээд харамсалтайгаар амь насаа алдсан цаг хугацааны нөхцөл байдлууд урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа. 

-Эмчлүүлж байх үед нь ортой нь гавласан байсан гэж ар гэр нь мэдээлсэн. Эмчилгээ хийлгэж байх үед заавал гавлах шаардлагатай юу?

-ШШГГ-ын хоёр алба хаагч тухайн үед хянаж байсан. Алба хаагчдын зүгээр 50 минутын турш гав хэрэглэсэн гэх тайлбарыг өгсөн. Үүнийг эмнэлгийн алба хаагчид болоод бусад хүмүүсийн мэдээллээр бататгах шаардлагатай. Урьдчилсан байдлаар тодорхой хугацаанд гав хэрэглэсэн гэдгээ алба хаагчид өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Үүнийг тайлбарлахдаа тухайн иргэн өөрийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулах болзошгүй нөхцөл байдалтай байсан учраас хэрэглэсэн гэдэг тайлбарыг өгсөн.