Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй, шударга төрийг бэхжүүлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе. 

 

-Хүний эрхийн багц хуулийг боловсруулж дууссан гэж ойлголоо. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар тодруулахгүй юу?

 

-Засгийн газрын хуралдаанаар Хүний эрхийн багц хуулийн төслийн эхний танилцуулгыг хийлээ. Үүнд, Жагсаал цуглааны журмын тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслүүд багтсан. Түүнчлэн, Авлигын эсрэг хуулийн төслийг танилцууллаа. Энэ хуулийн үзэл баримтлалд нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө, орлогыг хураах тухай асуудал багтсан. Ер нь нэг зарчим бий. Монгол Улс хөөн хэлэлцэх хугацаагаа хуулийн хийдлээр, албан тушаалтнуудын эрх мэдлээс шалтгаалан авлигачдыг шийтгэж чадалгүй өдийг хүрсэн. Бид оффшор дансанд байгаа хөрөнгийг хураана гэж олон жил ярьсан. Яг үнэндээ хилийн чанадад байгаа тэр мөнгөний хөрөнгө хэмжээг тоолж, хураана гэж хий ярихын оронд өөрсдийн нүдэнд ил байгаа хоёр сая төгрөгийн цалинтай мөртлөө "Ланд 200" машин унадаг, гурван сая төгрөгийн орлоготой мөртлөө гурван тэрбумын хауст амьдардаг төрийн хатуу албан тушаал хашиж байсан болон төрийн өмчит компаниудын захирлаар ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох асуудал чухал байна. Энэ асуудлаар анхдагч хуулийн төсөл боловсруулж, эхний байдлаар танилцууллаа. Нэмэлт саналууд авна. Энэ намрын чуулганаар Засгийн газарт өргөн барих зорилготой ажиллаж байна.

 

-Хуулийн үйлчлэлийг ямар байхаар тусгасан бэ?

 

-Хууль батлагдвал хөөн хэлэлцэх хугацаа ч юм уу, шалтаг, тайлбар сонсохгүйгээр татвар төлөөгүй, хууль ёсны орлогоо баталж чадаагүй хууль бус хөрөнгүүдийг хураах ёстой. Үүнийг Монголын ард түмэн шаардаж байгаа. Ингэж байж бид авлигатай тэмцэх асуудал дээр амжилт гаргана. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүстэй холбоотой хураагдсан хөрөнгө, орлого сүүлийн 6-7 жилийн байдлаар 15 орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрсөн. Гэтэл аудитын дүгнэлтийг үзэхээр олон их наядын хохирол байдаг. Энэ хуулийн төсөл батлагдана гэж найдаж байна. Учир нь сонгуулиар УИХ-ын гишүүдийн 80 хувь нь бараг шинэ гишүүд сонсгогдсон. Шинэ гишүүд маань авлигын эсрэг зоригтой байна гэж итгэж байна. Мөн Ерөнхий сайд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Хууль батлагдвал сан байгуулна. Тэгээд авлигаас хураагдсан мөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулна. Мөн авлигын мэдээлэгчийн тухай Авлигын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл танилцуулсан. Энэ хуулийн төсөл нь таны мэддэг хэн нэгэн тендер залилсан, таны нүдэн дээр хөрөнгөжсөн, та авлигын гэрч болсон, ямар нэгэн мэдээлэл байгаа бол таны мэдээллийг шүүн таслах ажиллагааны эцсийн мөч хүртэл нууцалъя. Хэрэв авлигын хэрэг нотлогдвол тодорхой хувийг мэдээлэгчдээ өгье гэсэн агуулгатай юм.

 

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийг та ахалж байна. Энэ хэрэгт ахиц дэвшил гарах уу?

 

-Энэ хэрэг илрэх ёстой. Үүнээс гаднатөр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан бид нарын зогсч байгаа энэ газраас хэдхэн метрийн зайд амиа алдсан. Төр нийгмийн зүтгэлтнүүд амиа алдсан хэрэг чимээгүй яваад байж болохгүй. Хууль зүй дотоод хэргийн сайд шууд мөрдөн байцаалтын үйл ажиллагааг удирддаггүй ч Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг шаардлагатай байна, үүний төлөө ажиллана. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг ч байгаа. Жил болгон сонгууль болохоор хэрэг ярьдаг, тэрийг улс төрийн журмаар ашигладаг. Ашиглахдаа хамтран зүтгэж явсан нөхдийнх нь эсрэг ашигладаг энэ байдлаас гарах ёстой.Эрүүгийн хэрэг бол эрүүгийн хэрэг, хэн нэгэн алуурчин, хэн нэгэн буруутай этгээд нь тогтоогдож, хариуцлагаа хүлээх ёстой. Улс төр бол тусдаа байх ёстой.

 

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин