Аравдугаар сарын сүүлчийн долоо хоногт Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ нэгдүгээр ангийн сурагчдыг шүд, нүд, зүрхний үзлэгт хамруулахаар болоод буй. Эрүүл мэндийн үзлэг хоёр сар үргэлжлэх юм байна.

Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн 327 ЕБС үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сургуульд 394,885 сурагч суралцаж байгаагаас 359,446 нь нэгдүгээр ангийн зургаан настнууд.

Энэ талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас/НЭМГ/ тодруулахад "Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолд шүд угаах цаг бий болгох, шүд угаах цэг бий болгох, хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлууд тусгагдсан.

ЭМС, БШУС-ын хамтарсан “Эрүүл шүд" арга хэмжээний төлөвлөгөө 2024-2027 оны хооронд хэрэгжинэ.

Нийслэлийн Засаг даргын "Эрүүл шүд" арга хэмжээний нийслэлийн төлөвлөгөө батлах тухай захирамж гарсан. Энэхүү тогтоол, тушаал шийдвэрийн дагуу 6 настай хүүхдийн шүд, нүд, зүрхний үзлэг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Одоогоор хараа шалгах эмч, зүрхний бичлэг хийх эмч, сувилагч, амны хөндийн үзлэг хийх эмч туслах нарын сургалтыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулсан.

Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн 327 ЕБС үйл ажиллагаа явуулж байна. Дээрх сургуулиудад 394,885 сурагч суралцаж байгаагаас 359,446 нь нэгдүгээр ангийн зургаан настнууд.

Нэгдүгээр ангийн сурагчдын амны хөндийн үзлэгийг өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийн шүдний эмнэлэг хамтран зохион байгуулна. Үзлэгээр шүд цоорол болон амны хөндийн эмгэг өөрчлөлттэй хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагч нартай нь хамтран хувийн хэвшлийн болон улсын эмнэлэг хамтран эмчлэх юм. Энэхүү ажилд хамгийн гол үүргийг эцэг эх, асран хамгаалагч нар хариуцаж байгаа. Хүүхдийнхээ шүдийг цооруулахгүй байх дээр анхаарах, зөв угаах, цоорсон шүдийг эмчлүүлэх үүрэг хариуцлага ногдож байна.

Үзлэг энэ сарын сүүлээр эхэлж бүтэн хоёр сарын хугацаанд үргэлжилнэ.

Зөвхөн шүд үзэхгүй, зургаан настай хүүхдүүдийн зүрхний бичлэгийг тусгай зориулалтын аппаратаар бичиж, зүрхний эмч нар бичлэгийг нь үзэж оношлох юм. Өрхийн эмч нар зөвхөн бичлэгийг зөв хийгээд нарийн мэргэжлийн эмчид бичлэгийг илгээнэ.

Энэхүү арга хэмжээг зохицуулсан журам Эрүүл мэндийн болон Боловсролын сайдын хамтарсан тушаалаар батлагдана. Журам гарахыг хүлээж байна" гэж тайлбарлалаа.

"Энэ хичээлийн жилд бие даалтын долоо хоног нь аравдугаар сард болж, хичээллэх хугацаанд оруулж тооцно. Бие даалтын хугацаанд сурагчид музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах болно" гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдэж байсан юм.

Цаашид 4 дүгээр ангийн хүүхдүүдийг амьсгалын эрхтэн тогтолцоо, 8 дугаар ангийн хүүхдүүдийг хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, 12 дугаар ангийн хүүхдүүдийг шээс, бэлгийн замын эрхтэн тогтолцооны үзлэгт жил бүр хамруулахаар төлөвлөжээ.