Улсын Их Хурал(УИХ)-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан салбарын эрхзүйн орчны шинэчлэл, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцууллаа.

Уг арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул болон газар, хэлтсийн дарга нар байлцав.

2024-2028 онд ажилгүйдэл, ядуурлын түвшинг хоёр дахин бууруулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8-10 мянган ам.долларт хүргэх, хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах бодлогын томоохон зорилт дэвшүүлээд байгаа юм.

Хуралдаанаас онцлох мэдээллийг хүргэе.

  • Өнөөдрийн байдлаар манай улсад 983,485 гэр бүл байна. Таван гэр бүл тутмын нэг нь орон сууцны асуудалтай, гурван гэр бүл тутмын нэг нь санхүүгийн асуудалтайн улмаас жил дунджаар 4,000 гаруй хос гэрлэлтээ цуцлуулж байгаа харамсалтай мэдээ бий.
  • Гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээг хөгжүүлэхээр гэр бүлд чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, аймаг, дүүрэг бүрд гэр бүлийн сэтгэлзүйчтэй болох боломжийг бүрдүүлсэн.
  • ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦ хөтөлбөрийн хүрээнд залуу гэр бүлүүдээ түлхүү хамруулна.
  • Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлж, тэтгэврийг өвлүүлдэг болгосон.
  • Цаашид хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, нийгмийн даатгалын санг ил тод болгох, үйлчилгээгээ хиймэл оюун ухаанд тулгуурлан цахимжуулж, виртуал хэлбэрт шилжүүлэх зорилт дэвшүүллээ.
  • Халамжийн давхардлыг арилгаж, ядуурлыг арилгахад халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлэгтээ хүргэнэ.
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын тогтоодог 97 өвчнийг хугацаагүйгээр тогтоож, хүнд суртлыг бүрэн арилгалаа.
  • Ирэх жилүүдийн хамгийн томоохон зорилт бол БҮТЭЭМЖИЙН ХУВЬСАЛ болж бүтээмж дагаж цалин өсдөг тогтолцоо руу шилжинэ.
  • Тэтгэврийн сан ДАРЬТАЙ ТОРХ-ноос ялгаагүй байна. Нөхөн даатгалын тухай хууль, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох, тэтгэвэр тогтоох дараалсан долоон жилийг таван жил, жил өсгөн тооцох зэрэг популист шийдвэрийн хор хохирлоос болж тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсжээ.
  • 2025 оноос ЭХИЙН АЛДАР II зэргийн одонд 200 мянга, I зэргийн одонд 400 мянган төгрөг болгож хоёр дахин нэмэгдүүлсэн.
  • Ахмад настнуудын асаргааны хувилбарт үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээг нэвтрүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс хамгаална.
  • Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлж, хөдөлмөр, хөдөлгөөн засал, хэл засал, асран хамгаалагчдад нь зөвлөгөө өгөх зэрэг ДЭМЖИХ ТӨВҮҮД-ийг улсын хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж байна.

Түүнчлэн 2024 оны УИХ-ын намрын чуулганд салбарын тулгуур хуулиуд болох Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн халамжийн үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай хуулийн төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл, Дохионы хэлний тухай хуулийн төслүүдийг өргөн барихаар бэлтгэсэн хэмээн Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээлэв.