Хуримын бэлгэнд Монголчууд 20-500 мянга, Япончууд 1.1-2.3 сая төгрөг өгдөг
2024/10/16
Хосуудын хурим гэдэг нь эрэгтэй хүний хувьд эрийн цээнд хүрч, галаа мануулах ханиа сонгож, удмын галаа мөнхөд үргэлжүүлж, эцгийн галаас галаа тасалж, өрх гэрээ баринх зан үйл юм. Тэгвэл манай улс болон гаднын улсад хуриманд ирж буй хүмүүс ямар бэлэг өгдөг тухай энэ удаагийн “Тэд, Бид” буландаа онцолж байна.
МОНГОЛ: Бэлэн мөнгө бэлэглэдэг
Жил ирэх тусам хуримын ёслол өргөн дэлгэр болж байна. Мөн уламжлалт хуримын хэв маяг өөрчлөгдөж буйг ч дурдах нь зүйтэй. Тэгвэл одоо хуримлах ёс тэр дундаа инж болон хурманд уригдсан хүмүүсийн бэлгийн талаар сийрүүлье. Хуримын өмнө сүйт залуугийн талаас өөрийн эхнэр болох эмэгтэйн ойрын төрлүүдэд сүйн бэлэг болгон сүйт бүсгүйн хувцас, гоёл төхөөрөхөд зориулагддаг зүйлс барьдаг. Сүйн бэлэгт хоёр талын ургийн холбоог улам бат бэх болгохыг бэлгэдсэн ёгт бэлгэдлийн чанартай эд юмс, бөс бараа өгөх боловч гол зүйл нь сондгой тоотой мал өгдөг байжээ. Ингэхдээ хүзүүнээс нь хадаг зүүсэн цагаан морийг бэлгийн тэргүүн болгож өгдөг заншилтай. Гэхдээ сүйн бэлэгт тэмээ, ямаа зэрэг малыг оролцуулдаггүй нь Монголчууд морь, хонийг халуун хошуут, тэмээ, ямааг хүйтэн хошуут мал гэж үздэгтэй холбоотой. Урьд цагийн хурим ийм байжээ. Тэгвэл өнөө цагт хуриманд очиж буй хүмүүс ихэвчлэн бэлэн мөнгө өгдөг болжээ. Ингэхдээ багадаа 100 мянган төгрөг дугтуйлан бэлэглэдэг. Мөн гэр бүл болж буй хостой холбоо хамаарлаасаа шалтгаалан энэ мөнгөний тоо нэмэгддэг ажээ. Энэ тухай энэ сарын 5-ны өдөр хуримласан хос С.Батбаяр “Бид хуримандаа 300 орчим хүн урьсан. Материаллаг зүйлс гэхээсээ илүү бэлэн мөнгө бэлэглэдэг юм байна лээ. Мөнгөн дүн нь 20-500 мянган төгрөгийн хооронд байсан” гэсэн юм. Мөн орон нутагт уламжлалт хурим хийж буй хүмүүсийн хувьд халуун хошуут мал бэлэглэх зан үйл хэвээр байгаа юм.
ИХ БРИТАНИ: Шаазан эдлэл бэлэглэдэг
Британичууд чамин эд зүйлсэд дурламтгай хүмүүс. Тиймээс шинэхэн хуримлаж буй хосуудад шаазан эдлэл бэлэглэдэг байна. Энэ нь ирээдүйдээ өнгөтэй, аз жаргалтай байж, хоол ундаар бялхаж явахыг бэлгэддэг. Мөн гал тогооны аяга, тавагнаас эхлээд гэрийн чимэглэл зэрэг дурсглаын зүйл төрөл төрлөөр нь бэлэглэдэг байна. Заримдаа худ ураг бологсод нь бие биетэйгээ үнэтэй бэлгээрээ өрсөлдөх асуудал ч гардаг аж. Уг улсын ард түмэн ховор нандин эд зүйлсд нугасгүй хүмүүс тул урт удаан амьдралыг бэлэгдэн хуучны цаг өгөх нь мөн элбэг. Сүүлийн үед хосууд хэн хамгийн их зардал гаргаснаар нь бус тусдаа гараад амьдрахад гэртээ ашиглах хэрэгтэй зүйлсийг бэлэглэсэн хүнийг илүү хүндлэн сайшаах болжээ.
ИТАЛИ: Дурсгалын зүйл өгдөг
Бэлэг юм авахаа мартсан бол булангийн дэлгүүр ороод юу ч хамаагүй өгчихье гэх хандлага энэ улсад огт байхгүй. Италичууд хурим хийж буй хосуудад хамгийн үнэтэй, сайн чанарын эд зүйлс бэлэглэхийг хичээдэг. Учир нь уг тэмдэглэлт өдрийг хүндэтгэж буйгаа илэрхийлж буй нь тэр. Тодруубал, дэлгүүрт хямдрал заралсан бүтээгдэхүүнийг авч өгөх нь хосуудыг болон бусад зочдыг дорд үзэж, хөнгөмсөг хандаж буй мэт санагдах тул ихэд цээрлэн, нягт шалгаж сонголтоо хийдэг. Хэрэв дэлгүүрт таалагдах зүйл гарч ирэхгүй бол гараар урласан чамин эдлэл бэлэглэх нь зүйтэй гэж үздэг байна. Мөн уламжлал ёсоор сүйт бүсгүй торгон цүнх үүрч явах бөгөөд зочин бүр 100-400 долларын мөнгөн дэвсгэрттэй дугтуйг хийдэг. Их хэмжээний зардал гаргах дургүй хүн бол Итали хуриманд очих ч хэрэггүй.
ӨМНӨД АФРИК: Заавал бэлэг өгдөг
Өмнөд Африкт уламжлалт хуримын бэлэг нь үндэстэн, ястангуудын зан заншлаас хамаарч өөр байдаг. Жишээлбэл, Залуучууд сүйт бүсгүйгээ үнэт эрдэнэтэй зүйрлэн гэр бүлд нь хүндэтгэл үзүүлж, талархан ямаа эсвэл үхэр сүйн бэлэг болгон өгдөг байсан аж. Орчин үед ямаа, үхрийн оронд ихэвчлэн бэлэн мөнгө өгдөг болсон ч хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс уг уламжлалаа дагах нь элбэг. Худ ураг бологсод нь шинэхэн хосуудад гал тогооны хэрэгсэл, тавилга өгдөг. Энэ дундаас хөнжил бэлэглэх нь даарах, өлсөхийн зовлонг битгий мэдрээсэй хэмээн бэлэгддэг учир ихэд нандин бэлэгт тооцогддог. Мөн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн гар урлал болох шүрэн эдлэл, сагс, хувцас гэх мэт соёлын ач холбогдолтой бэлгүүд түгээмэл байдаг. Хол, ойрын хамаатан гэж ялгахгүй гэр бүл болж буй хосуудтай ямар нэгэн холбоотой л бол заавал бэлэг өгдөг заншилтай ажээ.
ЯПОН: 2.3 сая төгрөг хүртэлх бэлэн мөнгө өгдөг
Японд шинэхэн хосуудад гэр ахуйн хэрэглээнээс гадна гошуги буюу тусгайлан чимэглэн бэлтгэсэн дугтуйнд мөнгөн дэвсгэрт хийн бэлэглэх нь элбэг байдаг. Мөнгөний хэмжээ нь тухайн зочны нийгмийн байр сууриас гадна сүйт бүсгүй болон сүйт залуутай ямар харилцаа хамааралтай хүн бэ гэдгээс шалтгаалан өөр өөр байдаг. Хамт ажилладаг байсан хүн, их сургуульдаа нэг ангид сурдаг байсан хуучны найз зэрэг ойр дотны биш хүмүүс заавал 30000 еэн буюу 700 мянган төгрөг өгдөг бол ойрын хамаатан садан, найз нөхөд болон ажлынх нь дарга, багш нь 50.000-100.000 еэн буюу 1.1-2.3 сая төгрөг өгөх нь зүйтэй гэж үздэг байна. Япончуудын хувьд тэгш тоо бол муу ёрын бэлгэдэл юм. Дөрвийн тоо үхэл, есийн тоо зовлон гэсэн үгтэй ижил дуудлагатай бичигддэг. Тиймээс дөнгөж гэр бүл болж байгаа хосуудад зочид нь сайн сайхныг хүсэн тэгш тоогоор мөнгө бэлэглэхээс зайлсхийдэгээс гадна хуучин, нугалсан, урагдсан мөнгө огтхон ч өгдөггүй байна. Заавал өө сэвгүй шинэ дэвсгэртүүд өгөх ёстой байдаг ажээ.
ТАЙЛАНД: Торгон даавуу бэлэглэдэг
Тайландад хуримын бэлгэнд холын хамаатан, найз нөхөд болон ажлын хамт олон нь ихэвчлэн мөнгө өгдөг бол ойрын хамтаатнууд нь мөнгөн дэвсгэртээс гадна элбэг дэлбэг амьдралыг бэлгэдэн сайн чанарын торгон даавуун эдлэл өгдөг уламжлалтай. Энэ нь цаашдын амьдралд нь тохиох муу ёрын сүнс, элдэв хар бараан энергиэс хамгаалдаг шашны эд өлгийн зүйлс юм. Бүр Буддагийн хөшөө ч бэлэглэх нь элбэг. Мөн сүйт залуугийн талаас алт, мөнгөн эдлэл өгч эхнэр болох эмэгтэйн гэр бүлийг хүндэтгэн талархаж байгаагаа илэрхийлдэг байна.
ФРАНЦ:Орны даавуу бэлэглэдэг
Хайр дурлалын хот гэж алдаршсан Франц орны хүмүүс нэлээд нэрэлхүү зантай. Шинэхэн хосууд хуримынхаа өдөр яг тийм бэлэг авмаар байна гэж хэнд ч хэзээ ч хэлж чаддаггүй. Тиймээс зочид нь ихэнхдээ бэлэн мөнгө өгдөг. Энэ нь сүйт залуу, сүйт бүсгүй хоёрт нь амар санагддаг аж. Хэрэв илүү содон бэлэг өгөхийг хүсвэл чимэг маалинган даавууг бэлэглэдэг уламжлал бий. Уг даавуу угаах бүрт өнгө нь гэрэлтэн тодорч, хэрэглэх тусам зөөлөн болдог материал тул цаашдын амьдрал нь уг даавуу шиг бат бөх, өнгөлөг байхыг бэлгэдэн өгдөг байна.
Б.БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/10/16
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono