Манай улс цахим хэрэглээгээр бусад 190  орноос 46 дугаарт эрэмбэлэгддэг ч тоон гарын үсгийн хэрэглээ, ашиглалт хангалтгүй байна. Өнөөдөр төрийн ихэнх байгууллага цахимжсан ч хувь хүн хоорондын гэрээ, байгууллага хоорондын хэлцэл цаасан дээр үйлдэгдэж  нотариатаар баталгаажуулахад биеэр байх шаардлага байсаар байна. Тэгвэл бүрэн цахим үндэстэн болох Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Шийдэлтэй уулзалт- Цахим гарын үсэг”сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Манай улс Цахим гарын үсгийн тухай хуулиа 2011 онд баталж, 2015 оноос тоон гарын үсгийг аж ахуйн  нэгжүүдэд олгож эхэлсэн. Одоогоор  иргэн болон аж ахуйн нэгж байгууллагад нийт 1.2 сая орчим цахим гарын үсэг олгожээ. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий газарт 16 наснаас дээш  бүртгэлтэй 2.3 сая иргэний  54 хувь нь тоон гарын үсэгтэй хэдий ч хэрэглээ, ашиглалт хангалтгүй байгаа аж. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас тоон гарын үсгийн хэрэглээ, дэд бүтцийг сайжруулахад хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах, хуульд заасан дүрэм, журмын тоог цөөлж оновчтой болгох шаардлагатай байна. Тиймээс  олон улсад мөрдөгдөж байгаа стандартуудыг дотоодын дүрэм, журамд тусгах санал авах зорилгоор энэ удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн,Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэлсэн юм. Тэрээр “Бидний баримт бичигт гарын үсэг зурах, баталгаажуулах аргад хувьсгал хийж, илүү хурдан, үр ашигтай, байгаль ээлтэй байх үйл явцыг цахим гарын үсэг бүрдүүлж өгсөн. Цахим гарын үсэг нь хэрэглээнд нэвтэрч эхэлснээр бид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хоорондоо цахим хэлбэрээр гэрээ хэлцэл хийх, албан байгууллагад өргөдөл, гомдол гаргах, банк санхүү, даатгалын байгууллагуудтай цахимаар харилцах зэрэг олон боломж нээгдэж, цаг хугацаа, зардлаа хэмнэх боломжтой. Гэвч цахим гарын үсэг иргэдийн хэрэглээнд тэр болгон ашиглагдахгүй байна. Тиймээс техник технологийн цагийн бүртгэлийн системийг бий болгох,гадаадын болон бус нутгийн байгууллагуудад дотоодын тоон гарын үсгийг баталгаажуулах нэн шаардлагатай байна” гэсэн юм.

Тодруулбал, УБЕГ-аас 1.127.388 иргэнд цахим гарын үсэг олгосон. Харин тоон гарын үсэг олгогч гурван компани байна. Тодруулбал, Tridum Key-д 14920, Mon Pass CA-д 76389, болон Newcompass-д 42131 гарын үсэг тус тус олгожээ. Тоон гарын үсэг иргэдийн хэрэглээнд ашиглагдахгүй байгаа ч  egazar.mn, tender.gov.mn, ndaatgal.mn, immigration.gov.mn, docx.gov.mn  зэрэг таван сайт ашиглаж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Э. Балдансамбуу “Цахим  гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” танилцуулга илтгэлийг тавив. Түүний илтгэлд дурдсанаар  2015 оноос эхлэн хувийн хэвшилд тулгуурлан тоон гарын үсгийг аж ахуйн нэгжид олгосон. Гэвч 2021 он хүртэлх тоон гарын үсгийн олголт, хэрэглээ хангалтгүй байсан учраас цахимжилтын  үйл явцыг эрчимжүүлэх зорилгоор  хуульд  нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр 2021  УБЕГ тоон гарын үсэг олгож эхэлснээр нийт иргэний цахим үнэмлэх болон гар утсанд тоон гарын үсгийг суулгах боломж нээгдсэн. Үр дүнд нь 1.2 сая  иргэн тоон гарын үсэгтэй болсон. Гэсэн хэдий ч технологи хурдтай өөрчлөгдөж буйтай холбоотойгоор хууль дагаад шинэчлэгдэх учиртай. Хэдийгээр иргэд банкны апп ашиглаж  тоон гарын үсгийн баталгаажуулалт хийж байгаа ч тэдний ойлголт, мэдлэг дутмаг байна. Тэгэхээр Монгол Улсын иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг дээшлүүлснээр цахим гарын үсгийн хэрэглээ эрчимжинэ. Киоск машинаас УБЕГ-т хандан хүсэлт гаргаснаар тоон гарын үсгээ шууд авах боломжтой. Улсын хэмжээнд 1900 орчим тоон гарын үсэг олгох цэг ажиллаж байгаа гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин