Өчигдөр /2024.10.15/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцын асуудлаар хуралдсан.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун,

"Хөдөө орон нутгаас хотод ирсэн нэгдүгээр курсын оюутнууд ариун цэврийн өрөөгөө хэрэглэж чаддаггүй. Дээр нь гишгэж бохир заваан хэрэглэдэг. Энэ юутай холбоотой вэ гэхээр орон нутагт хүүхдүүд нүхэн жорлонд бие засдагай холбоотой. Өөрөөр хэлбэл ариун цэврийн өрөө хэрэглэх дадал, зуршил суугаагүй байгаа.

Бид жорлонгийн барилга, байгууламжийг нь шийдчихэж байгаа юм байна. Саванг нь яах вэ. Есөн сарын эхээр сургуулиудад саван байгаад байдаг. Сарын дараа савангүй болчихдог. Ер нь манай боловсролын байгууллагуудын ариун цэврийн өрөөнүүдэд саван байдаг юм уу, саван нь яагаад дуусаад байдгийг би дандаа гайхдаг.

Зориуд хэлье. Энэ бол савангийн биш ханиад, томуу өвчлөлийн асуудал. Дээрээс нь төрөл бүрийн халдварт өвчин үүнээс шалтгаалдаг. Гараа угаах дадал зуршил суугаагүй хүүхдүүд халдварт өвчинд илүү өртөмтгий байдаг гэсэн үг. Тиймээс жорлон дан ганц барих биш орчин нөхцлийг нь давхар шийдсэн байх ёстой. Жорлон барьсан ч саван байхгүй дутуу дулимаг юм хийх вий дээ" хэмээн санал хэлжээ.

Тэрбээр МАН-ын жагсаалтын эхний тавд эрэмбэлэгдэж шинэ парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдсон нийгэм, эрүүл мэндийн салбарын төлөөлөл юм.