“Олон улсын хуванцрын гэрээ”- нд нэгдэх нь Монгол Улсын хувьд том боломж
2024/11/12
Дэлхийд газар сайгүй нүүрлэж буй хог хаягдлын асуудлыг зөвхөн тухайн улс дангаараа шийдэх боломжгүй нөхцөл үүсжээ. Тиймээс улс бүхэн үндэсний хэмжээний бодлого боловсруулж мөрдөхийн зэрэгцээ дэлхий дахинд хамтарсан шийдэл хэрэгтэй болоод байна.
Хамтарсан шийдлүүдийн нэг нь “Олон улсын хуванцрын гэрээнд” Монгол Улс нэгдэх хэрэгтэйг хог хаягдлын менежментээр дагнан судалгаа, шинжилгээг орон нутаг, улс, олон улсын хэмжээнд хийж буй “Экосум” төрийн бус байгууллага уриалж байна. Тэгэхээр энэ гэрээг дэмжиж, нэгдсэнээр Монгол Улсад ямар нөлөөтэй болох, бидний хүссэн гэрээ болж чадах уу, энэ гэрээгээр далимдуулан засах шаардлагатай ямар зүйлүүд байна вэ гэдэг нь гол асуудал ажээ.Тус ТББ- нь “Хуванцраас ангижиръя” олон улсын хөдөлгөөний гишүүн байгууллага. Энэ утгаараа дээрх гэрээнд нэгдэхийн тулд ямар алхам хийх талаар судалж дүгнэлт, зөвлөмжийг гаргасан байна.
2030 ОН ГЭХЭД ДЭЛХИЙД ЖИЛД 630 ТЭРБУМ ТОНН ХУВАНЦАР ҮЙЛДВЭРЛЭНЭ
Монгол Улс хоёр том гүрний дунд оршсон хэрэглэгч орон. Бидний эдэлж, хэрэглэж өмсөж, зүүж буй болоод идэж буй хоол хүнсний дийлэнхийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг. Түүнчлэн сав, багалаа, боодлыг ч өөрсдөө шийдвэрлэхэд хүртэл хэцүү. Гэхдээ нэг авууштай зүйл нь эдгээр хэрэглэж буй бүх бүтээгдэхүүний хог хаягдал, хуванцрыг ангилан ялгаж нэг бүрчлэн тоолж хаанахын ямар компанийн бүтээгдэхүүний сав, баглаа, боодол болохыг тогтоосон байна. Түүнчлэн эдгээр хог хаягдал юунаас үүсэлтэйг ч тодруулжээ. Ингэж брэнд хайлтыг хийхэд үндэсний үйлдвэрлэгч компаниудын тэр дундаа нэг удаагийн сав, баглаа, боодол хамгийн их хаягдал ялгаруулдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Харин энэ нь манай улсын хувьд эерэг мэдээ гэдгийг судалгааны байгууллага хэлж буй. Учир нь дээрх Олон улсын хуванцрын гэрээнд заасан стандартын дагуу хялбар, загвар дизайнтай савлагаа ашиглах нэгдсэн зохицуулалтад орж чадах юм бол хог хаягдлынхаа дийлэх асуудлыг нэг мөр шийдэх боломжтой болох нь. Энэ гэрээний гол заалт нь хуванцрын үйлдвэрлэлийг бууруулах явдал аж.
ДЭЛХИЙ ДАЯАР ХУВАНЦРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ БУУРУУЛАХАД НЭГДЭХ
Хог хаягдлыг бууруулах тухай ярихдаа хамгийн түрүүнд хогоо ангилах,шатаах тухай хэлдэг. Хог шатаагаад эрчим хүч үйлдвэрлэдэг, хогоо шахаад зам барина гэх мэт. Тэгвэл энэ нь шийдэл огт биш болсон аж. Учир нь дэлхийд дийлдэхээргүй их хэмжээний хог гарахаар байгааг тооцоолжээ. Тодотговол, 2030 он гэхэд жилд 630 тэрбум тонн хуванцар үйлдвэрлэнэ гэсэн тооцоо гарчээ. Нэг үгээр ирээдүйд ийм хэмжээний хог бий болно. Одоогоор 500 тэрбум тонныг үйлдвэрлэсэн байна. Энэ их хэмжээний хуванцрыг дахин боловсруулах боломжгүй. Хуванцрын ердөө ес хүрэхгүй хувийг дахин боловсруулдаг учраас үлдсэн 92 хувь нь хог хэвээр үлдэж, үүний 32 хувь нь байгальд тархаж, 14 хувийг шатаадаг. Энэ их хэмжээний хуванцрыг зохицуулахгүй хэрэглэсээр байх юм бол байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, уур амьсгалын өөрчлөлт нэмэгдэж, ирээдүйд зохицуулах боломжгүй болж эргээд хүний эрүүл, амьд явах эрхэд ноцтой аюул учрах хэмжээнд хүрэх нь.
МОНГОЛ УЛС УНДАА, УСНЫ САВАА ҮРЛЭЭР ИМПОРТОЛЖ, ҮЛЭЭЖ АШИГЛАДАГ
Монгол Улс анхдагч хуванцар үйлдвэрлэгч орон биш. Гэхдээ анхдагч үйлдвэрлэгч хоёр орны дунд оршиж хуванцрын хэрэглээгээр бусад улсаас хараат. Бид үйлдвэрлэгч орноос ус, ундааны саваа үрэл хэлбэрээр импортолж үлээж сав болгон ашигладаг. Тэгэхээр анхдагч үйлдвэрлэлийг буруулахын тулд бид хуванцрыг хэрэглээг бууруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Манай үндэсний үйлдвэрлэлийн дийлэнх хог хаягдлыг ус, ундаа болон бусад сав, баглаа, боодол эзэлж байгааг тогтоосон. Тэгвэл үйлдвэрлэгчид хуванцрыг эрс бууруулж дахин ашиглах тогтолцоог нэвтрүүлэхдээ дахин боловсруулалт, байгалийн гаралтай амархан задардаг, бордоо болдог хуванцар болон бусад хуванцар бус хувилбарын шийдэлд автахаас зайлсхийх хэрэгтэйг анхааруулж байна.
Учир нь өглөө бүр та кофегоо нэг удаагийн саванд аваад гардаг бол тантай ижил үйлдлийг хэдэн хүн хийж байна вэ. Энэ хэрээр хог гарсаар байдаг. Тэгвэл энэ бүгдийг дахин ашиглах тогтолцоогоор шийдвэрлэх боломжтой гэдэг. Өөрөөр хэлбэл, нэг ашигласан саваа дараагийн салбарт нь аваачиж өгдөг. Сүлжээ хоолны газраас аваад гарсан нэг удаагийн саваа дараагийн сүлжээ ресторанд өгдөг менежмент буюу дахин боловсруулалт чухал гэдэг. Мэдээж энэ мэт дахин ашиглах төрөл бүрийн шийдэл бий. Ер нь дахин ашиглах гэдгийг бусад хувилбаруудаас илүүд үздэг. Тэгвэл сүүлийн үед энэ бас тийм ч үр дүнтэй арга биш бололтой. Хуванцрыг амьдралын мөчлөгөөр авч үзвэл хамгийн түрүүнд хуванцрын түүхий эд олборлолтоос эхтэй. Олборлох, боловсруулах, бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх, хэрэглэх, хаяж, устгах гээд энэ олон шат дамжлагын дараа дахин боловсруулах болж байна. Хэдийгээр байгальд амархан задардаг эко саваар хуванцрыг орлуулах тухай ярьдаг ч түүхий эдэд нь мөн л байгалийн шавхагддаг нөөц орсон байх жишээтэй. Тухайлбал, эрдэнэ шишээр сав хийе гэж бодоход түүний тариалалт, ургуулалт, арчлалт хамгаалалт, шавж устгал, тээвэрлэлт гээд мөн л асар их зардалтай. Тэгэхээр хуванцрыг орлуулах тухай ярихаар дахиад л нэг удаагийн хэрэглээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй болно. Харин үүнийг Олон улсын хуванцрын гэрээгээр таслан зогсоох аж. Бодлого боловсруулагчид дахин ашиглалтыг өргөн хэмжээнд нэвтрүүлснээр хог хаягдлын асуудлыг уг үндсээр нь шийдвэрлэх эхлэл тавигдах гэж байна. Тиймээс бодит шийдэлд анхаарлаа хандуулах шаардлага бий болжээ.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/11/12
SEXSY AJIL XN80955877ANUSDI