Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой
2024/11/22
Улсын Их хурлын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай Гашуунсухайт-Ганц модны боомтын хил холболтын талаар ярилцлаа.
-Гашуунсухайт-Ганц модны боомтын төмөр замын хил холболтын цэгийг саяхан эцэслэн шийдвэрлэсэн. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Монгол Улс төмөр зам барьчихаад хил дээр очоод холбогдохгүй гацчихлаа гэж их олон жил ярьсан. Үндсэн санаа нь бол энэ төмөр замыг барьснаар нүүрснээс орж ирэх орлого нэмэгдэнэ. Байгаль орчинд ээлтэй, зардал буурна. Илүү тодорхой, ил тод болно гэж тооцож л хийсэн шүү дээ. Тиймээс үүнийхээ үр дүнг хүртвэл мэдээж сайн л байна. Мөн “Нүүрсний хулгай” гэдэг шуугианы дараа манай улс нүүрсийг ил тод зардаг болъё гээд Биржийн тухай хууль баталсан. Одоо биржээр нүүрсээ арилжаалж байна. Гэвч биржийн ажиллах зарчим, тохиргооноос гадна хатуу дэд бүтэц маш сайн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол энд юмаа зарчихаад худалдан авагч нь хүлээж авах гэж сар хүлээдэг. Энэ хооронд нь үнэ өөрчлөгдөж, алдагдалд орчихдог байж болохгүй.
Энэ биржийн зохицуулалт, төмөр зам, авто зам, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил чинь хамтдаа нэг цогц байх ёстой. ийм утгаараа хил холболт маш чухал. Нөгөө талаас хил холбох бол цэвэр барилгын ажил. Ер нь энэ ажлыг суурь дэд бүтэцтэй компаниар бариулж болно. энэ үедээ нүүрсийг биржээс гадна шууд гэрээлж болно гэсэн агуулгатай хуулийн өөрчлөлтийг Уих ноднин жилийн долдугаар сарын 23-нд хийсэн байдаг. үүний үр дүнд “чайна энержи” компани төмөр зам барих нь тодорхой болж байна. Гэтэл энэ компани зөвхөн төмөр зам барихгүй. Бид нүүрсний худалдаа хийнэ гэсэн санал тавьсан. үндсэндээ нөхцөл гэсэн үг. үүнийг нь манай тал хүлээж авбал нүүрсний худалдааныхаа гэрээг байгуулна. Төмөр замынхаа холболтын барилга угсралтыг хийнэ. Тэгээд нүүрсээ авч эхэлнэ гэсэн үг. Одоо бидний бодох ёстой нэг асуудал бол хоёр талдаа харилцан ашигтай л байх ёстой. ингэхийн тулд хэд, хэдэн гол зүйлийг анхаармаар байна.
-Анхаарвал зохих зүйлс нь юу, юу вэ?
-Урт хугацаандаа тогтвортой, нөгөө талдаа хэлсэн амандаа хүрч чадахуйц, харилцан ашигтай л байх ёстой. Тавантолгойн бүлэг ордны нүүрс чинь шинж чанараараа гурван өөр төрөл байдаг. Бүрэн болон сул коксжих нүүрс, огт коксжиддоггүй буюу эрчим хүчний нүүрс гэж байгаа. эндээс зөвхөн бүрэн коксжих нүүрсийг нь олборлоод байх юм бол бусад хэсэг нь ирээдүйд ч авч болохгүй. Болсон ч ашиггүй болчихдог. Ингэсэн тохиолдолд нөөц баялаг хаягдахад хүрнэ. Тийм учраас бид том хэмжээний гэрээ байгуулж, худалдаа хийх гэж байгаа бол энэ гурван нүүрсээ гурвууланг нь нийлүүлэх хэрэгтэй. “чайна энержи”-гийн тавьж байгаа санал бол урт хугацаанд жилд 20 сая тонн. Нийтдээ 16 жилийн хугацаанд ийм хэмжээний нүүрс авна гэсэн үг.
-Гурван төрлийн нүүрсээ холиод л жилд 20 саяыг өгөх хэрэгтэй гэж үү?
-Энэ 20 сая тоннын хэдэн хувь нь дараагийн асуудал. Ямар ч байсан их, бага хэмжээгээр энэ гурван нүүрсээ гурвууланг нь л нийлүүлээд 20 сая тонн болгох хэрэгтэй. эрдэнэс Таван толгой ирэх онд 35 сая тонн нүүрс олборлоно гэж төсөөлье. ингэвэл тал нь бүрэн коксжих, 30 гаруй хувь нь сул коксжих, 10 гаруй хувь нь эрчим хүчний нүүрс байх нь. хэрэв 40 сая тонныг олборлоод ирвэл бүрэн коксжих нь багасаад эрчим хүчний нүүрсний хэмжээ нь нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд явбал 30 хүрэхгүй хувь нь бүрэн коксжих болно гэсэн баримжаатай явах хэрэгтэй. Тийм болохоор хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ зөвхөн худалдааны нөхцөлөөр биш, уурхайн техникийн горим, нөөцийн байдлаа харж байж тодорхой шийдэх ёстой. Одоогоос 10-аад хоногийн өмнө хятадын талаас Аж үйлдэвр, эрдэс баялгийн сайдад хаяглан ирүүлсэн албан бичгийн талаар нийтлэл гарсан байсан. Тэр дээр дурдсанаар бол ганцхан коксжих нүүрс л гэсэн зүйл байна лээ. Тийм болохоор дотроо харьцаа нь ямар байх гэдгээ маш нарийн бодож, төлөвлөх хэрэгтэй.
-“Чайна Энержи” компани Тавантолгойн бүлэг ордын тодорхой хэсэг дээр нь өөрсдөө олборлолт явуулж, тээвэрлэлт хийх санал тавьсан гэдэг яриа гарч байна. Энэ саналыг манай тал хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юу. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Уурхай дээр нүүрсийг хил давуулах хүртэлх тээврийг Монголын тал хийх нь манайд гэлтгүй хятадын талдаа ч хэрэгтэй. Тээвэрлэлт өөрөө их олон эрсдэлтэй. Энэ эрсдлийг худалдан авагч талдаа үүрүүлэх нь зохисгүй. Манайх хариуцлагаа өөрсдөө хүлээгээд хугацаанд нь хүлээлгэж өгөх ёстой. Ялангуяа төмөр зам тавьчихсан үед бол төмөр замынхаа ашиглалтыг бүрэн явуулах хэрэгтэй. Тавантолгой төмөр зам компани тээврээ хийгээд нүүрсээ хил дээр хүргэж өгөх нь зохимжтой. Ингэхдээ тарифыг утгагүй өндөр тавих боломж байхгүй. Монгол, хятад улсууд нэгдэн орсон Олон улсын төмөр замын хэлэлцээр гэж бий. Энэ хэлэлцээрээр тээврийн тарифын таазыг зохицуулаад өгчихсөн. үүнийг ашиглаад тээврээ хийж болно. Авто тээврээр хийсэн ч гэсэн тарифын зохицуулалт байж болно. Таван толгойгоос улсын хил хүртэлх төмөр замыг 30 сая тонн хүчин чадалтайгаар бариад ашиглалтад оруулчихсан. Гэтэл хил холболтын байгууламжийнх нь ТЭЗҮ нь 20 сая тонноор хийгдсэн. Тэгэхээр “чайна энержи” энэ төмөр замаар манайхтай гэрээ хийсэн 20 сая тонноо л тээвэрлэх гэж буй юм шиг харагдаж байгаа юм. Нэгэнт хоёр тал хамтарч ажиллаж байгаа бол ганцхан тэр компанийн нүүрсийг тээвэрлэх нь зохисгүй. Цаана нь үлдэж байгаа 10 сая тонн нүүрсийг хамтын ажиллагааныхаа хүрээнд тээвэрлэх үүргийг чайна энержи хүлээх нь зөв. Тарифаа төлөөд арилжааны зарчмаараа л явна. ийм хэлэлцээрийг хийж манайх төмөр замаа бүрэн ашиглах хэрэгтэй.
-Олборлолтын тухайд юу хэлэх вэ?
-Техникийн хувьд ил уурхайг монголчууд өөрсдөө 100 хувь олборлож чадна. Далд уурхай дээр туршлага хомс. Олон давхаргатай, төвөгтэй ил уурхай, далд уурхай дээр гадны туршлага хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Одоо ажиллаж буй зарчим байгаа. эрдэнэс Таван толгой бодлогын хувьд оператор, гүйцэтгэгч нарыг оруулахдаа нөөцийнхөө олборлолтыг жигдхэн байх бодлогоороо зангидах ёстой. Тэгэхгүй бол өм цөм яваад байж болохгүй. Одоо ажиллаж байгаа зарчмын дагуу оператор сонгон шалгаруулаад түүн дээр нь Монголын юм уу, хятадын компаниуд орж ирэхийг үгүйсгэхгүй. Чадамжийн хувьд манайх хангалттай чадна л гэж бодож байна.
-Ерөнхий сайдын БНХАУ-д сая хийсэн айлчлалд та багтсан. Энэ үеэр хил холболтын асуудал яригдаж, шийдэгдсэн. Тэгэхээр Хятадын талаас алдагдсан боломжоо манайхаас нэхэмжлэхгүй гэж хэлсэн юм уу?
-Хэлэлцээрийг засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд л хийсэн. харин Уихын гишүүд бол Монголын парламент олон намын төлөөлөлтэй, тогтвортой улс төртэй болсон гэдэг үүднээс л оролцсон. Түүнээс хэлэлцээрт оролцоогүй. Алдагдсан боломжийн хувьд хэлэхэд, 2014 онд БНХАУ-ын Ерөнхийлөгчийг Монголд айлчлах үеэр хоёр тал төмөр зам бариад ажиллана гэдэг хэлэлцээрт гарын үсэг зураад тэрнийхээ дагуу хятадын тал төмөр замаа барьсан. үүнээс хойш манайх барихгүй удаж байснаа царигаа өөрчлөөд барьсан. Одоо холбогдоогүй байгаа. Гэхдээ энэ хэлэлцээр бизнесийн хэлэлцээр биш. хятад улс төмөр замынхаа бодлогын хүрээнд төмөр замаа барьсан. Монгол Улс өөрийнхөө бодлогын хүрээнд төмөр замаа барьсан. харин бодлого нь зөв, буруу байсан гэдэг нь тусдаа асуудал. Тухайн улс өөрийнхөө бодлогоор төмөр зам барьж байхад ямар нэгэн алдагдсан боломж ярих үндэслэл байхгүй. хоёр байгууллага бизнес хийгээд алданги тооцно гэсэн гэрээ байхгүй шүү дээ.
-Цаашдаа оффтейк гэрээгээр нүүрсээ гаргах нь зөв үү. Эсвэл дан ганц биржээр арилжаалах хэрэгтэй юм уу?
-Одоо бол нийтдээ дөрвөн оффтейк гэрээ байгаа юм билээ. эдгээр гэрээний хугацаа ингээд дуусна. Тиймээс цаашдаа Монгол Улс бирж нь ч ажилладаг, том тогтвортой нийлүүлэлт нь ч байдаг холимог тогтолцоогоо хадгалахын тулд төрийн өмчийн компанийн нийт зарж байгаа нүүрсний хэчнээн хувиас шууд гэрээ нь илүү гарахгүй вэ гэдгийг тогтоож баримтлах шаардлагатай байна. Саяхан манайх биржээр 50 хувьд хүргэсэн. Ганцхан худалдан авагчтай юм чинь биржээр арилжаалж яах юм гэсэн зүйл яригддаг. Гэхдээ хятад бол ганцхан худалдан авагч биш. Дотор нь маш олон бий. Тийм ч учраас хятад дотор нүүрсний онлайн худалдааны платформууд ажилладаг. харин том гэрээнүүд нь нийт төрийн өмчийн компанийн гаргаж байгаа нүүрсний талд нь хүрчихвэл бирждээ сөргөөр нөлөөлнө. Жижиг худалдан авагчид орж ирэх сонирхолгүй болно. Гэвч дан ганц бирж эрсдэлтэй. Нүүрс авахаа больчихвол яах вэ. Тиймээс аль аль нь байх шаардлагатай.
Т.Дарханхөвсгөл
Зочин · 2024/11/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/22
SEXSDI TSENGI80955877
Зочин · 2024/11/22
BOOBN GUN GOE XOXOJ TAWIYYLI
Зочин · 2024/11/22
SWXSEER NAADGCH XUCHINDUULI80955877