Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын нэр бүхий таван гишүүний болон Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдтэй холбоотой жагсаал цуглаан өчигдөр болсон. Жагсаалд оролцогчид мэдэгдэл, шаардах хуудас хүргүүлсэн юм билээ. Тэдгээр хүмүүсийн төлөөлөл 10 хүнтэй өнөөдөр уулзахаар болсон ч ирсэнгүй.

Гэхдээ тэдгээр жагсагчид өнөөдөр МоАХ-ны байранд байгаа гэж бодож байна. Яагаад ингэж бодож байна гэхээр МоАХ-ноос мэдэгдэл ирүүлсэн. Тиймээс МоАХ-ноос зохион байгуулсан гэж үзэж байна.

Таван гишүүний өргөн мэдүүлсэн гадаад ажилчдын тоо хэмжээ заахгүй байх тухай болон Засгийн газраас өргөн барьсан ажиллах хүчний  тухай хуулийн төслүүдтэй холбоотой маш их шүүмжлэл нийгэмд өрнөлөө. Хуулийн төслийг санаатайгаар мушгин гуйвуулж, огт байхгүй заалтыг байгаа мэтээр иргэдэд ойлгуулж байгаа увайгүй үйлдлүүд гарлаа.

П.Сайнзориг нарын таван гишүүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төсөл нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс өөр юм.

УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуульд уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө гэж заасан.

Хуулийн төслийг Засгийн газар дэмжээгүй. Засгийн газраас энэ хуулийн төслийг хэлэлцэх үед хөдөлмөрийн асуудал эрхэлсэн сайдын хувиар энэ хуулийн төслийг дэмжиж болохгүй гэдэг саналыг өгсөн. Гадаад ажилтны тоо хэмжээг хөндөж, ажлын байрны төлбөрийг хэмжээ хязгааргүйгээр чөлөөлж болохгүй.Энэ хууль буцаан татагдсан. Гэхдээ энэ хуулийг дагалдуулж хоёр хуульд өөрчлөлт оруулах асуудал өргөн баригдсан.

Эхнийх нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль. Энэ нь ажиллах хүчний тоо хэмжээ болон ажлын байрны төлбөрийг УИХ шийддэг болъё гэдэг өөрчлөлт.

Хоёр дахь нь, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал. Гадаадаас хууль бусаар ажилтан авчирч байгаа ажил олгогч нартай хариуцлага тооцож чадахгүй байгаа. Гаднаас ажиллах хүчин авчраад цаг тухайд нь цалинг нь өгч чаддаггүй.

Гуравдугаарт, гадаадад өндөр цалинтай ажиллуулна гэж монгол залуусыг хууран мэхэлж өндөр төлбөр авдаг ч очсон хойноо хөдөлмөрийн гэрээгээ зөрчдөг. Эдгээр хүмүүстэй бид хариуцлага тооцож чадахгүй байгаа. Тиймээс Зөрчлийн хуулиар шийдэгдэх уг өөрчлөлтийг Засгийн газар дэмжээд өөрийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэйгөө хамтатгаад явах нь зүйтэй гэж үзсэн.

Харамсалтай нь хууль санаачлагч гишүүд хуулийн төслөө татсан учраас Зөрчлийн хуулийн өөрчлөлт хэрэгжихгүй байх нөхцөл байдал үүслээ.

П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хууль ажиллах хүчний квотыг хөндөж байсан. Буцаан татагдсанаар ажиллах хүчний квотын асуудал дахин хөндөгдөхгүй.

Засгийн газраас өргөн барьсан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль нь таван заалттай. Энэ таван заалтад ажиллах хүчний квоттой холбоотой нэг ч заалт байхгүй.

Харин ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх асуудлыг хөндсөн. Өмнө нь том аж ахуйн нэгжүүд ажлын байрны төлбөрөө Засгийн газраар оруулаад 100 хувь чөлөөлөгддөг байсан. Үндсэндээ 40-хөн аж ахуйн нэгж өөрсдийн оруулж ирсэн гадаад ажилтны төлбөрөөс 100 хувь чөлөөлөгддөг байсан. Харин харамсалтай нь яг өнөөдрийн нөхцөлд ажиллах хүчний хомсдолд ороод байгаа бага, дунд хэмжээний аж ахуйн нэгжүүд энэ хөнгөлөлтийг эдэлж чаддаггүй.

Үүнтэй холбоотой хоёр бичиг баримтыг УИХ баталсан. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэх эхний шатны хөтөлбөрийг 2021 онд баталсан. Мөн 2024-208 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нарийн мэргэжлийн гадаад ажилтны тоонд уян хатан хандах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх бодлого баримтална гэж заасан байдаг. Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрийг Л.Мөнхбаясгалан, Женко болон эсэргүүцэж байгаа гишүүд өөрсдөө баталж өгсөн.  

Мөн Засгийн газраас хууль өргөн барихад бүх сайд нар санал өгдөг. Хамтарсан Засгийн газарт орсон АН-ын бүх сайд нар энэ хуулийг дэмжсэн. Гэтэл өчигдөр АН-ын бүлэг улс төрийн хөнгөн гоомой мэдэгдэл хийж, Засгийн газраас өргөн барьсан хуулийг дэмжихгүй гэж буруу ташаа мэдээлэл тараасанд харамсаж байна. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуульд дараах таван өөрчлөлтийг тусгасан. Үүнд:  

  1. Ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг эдийн засаг, бүтээн байгуулалтын бодлого, чиглэлийг харгалзан Засгийн газар тогтоох;
  2. Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох асуудал нь цаг хугацааны хувьд төсөв батлагдсаны дараа буюу ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт тодорхой болсны дараа шийдвэрлэх нь илүү зохимжтой байгаа тул уг тоо, хувь хэмжээг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор батлах;
  3. Аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад улсаас ажилтан авч ажиллуулах урьдчилсан зөвшөөрлийн хүсэлт гаргахад тухайн ажлын байрыг нийтэд ажлын 14 өдөр зарласан байх зохицуулалт нь хүндрэлтэй байгаа тул дээрх хугацааг хүчингүй болгох;
  4. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д “нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх.” гэж заасны дагуу Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиар хуулийн этгээдээс бичгээр шаарддаг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт болон нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолтыг мэдээлэл хариуцагч төрийн байгууллага хооронд цахимаар солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор цаасан лавлагааг “цахим лавлагаа” болгон өөрчлөх;
  5. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэг, 23.10 дахь хэсгийн “Цахим системээр зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлэх, цахим системийг ашиглах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэснийг хүчингүй болгох гэдэг 5 зүйлийг тусгасан. 

Мөн Засгийн газраас өргөн барьсан хуулиар "280 мянган хужаа оруулж ирэх гэж байна" гэдэг мэдээлэл тарааж байгаа. Дээр дурдсан хуулийн таван заалт дунд гадаадын ажиллах хүчинтэй холбоотой ямар ч тоо байхгүй байгааг та бүхэн хараарай.

Ингэж мушгин гуйвуулж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эсэргүүцье гэж уриалж байгаа хэдхэн хүн бий. Нэр бүхий УИХ-ын гишүүд, өмнө нь гишүүн, сайд байсан Ц.Оюунгэрэл, "цэнхэр үст" Цэрэн нарын хүмүүс. Хэрэв андуураагүй бол Ц.Оюунгэрэл гэдэг эмэгтэй гадаад нөхөртэй. Нөхрөө Монгол Улсын иргэн болгочхоогүй бол энэ хүнд жил бүр визний асуудал тулгарч байгаа. Визний асуудалтай холбоотой том хүнд суртлыг бид энэ хуулиар шийдье гэж байгаа юм.

Ер нь сүүлийн жилүүдэд гадаад нөхөртэй монгол бүсгүйчүүд Монголын тусгаар тогтнолд яагаад ингэж их санаа зовох болов. Өөрсдийн нь хэлдгээр хэрсүү, сэрэмжтэй байя" гэв.