Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Казахстан улсын нийслэл Алмата хотноо "Казахстаны ерөнхийлөгчийн цом" Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнд өрсөлдөж байгаа билээ. Тэмцээн долдугаар сарын 8-13-ны өдрүүдэд үргэлжлэнэ.

"Казахстаны ерөнхийлөгчийн цом"-д ОХУ, Куба, Украин, Казах зэрэг энэ цагийн боксын өнгийг дэлхийд тодорхойлж байгаа 10 гаруй орны тамирчид оролцож байгаагийн дотор олимп, дэлхийн аварга болон медальтай 18 боксчин хүч үзэн тулалдаж байгаа аж.

Харин манай орноос Олимпийн аварга Э.Бадар-Ууганаар ахлуулсан шигшээ багийн дасгалжуулагчаар Ардын багш Д.Банди /Зөвлөх багш/, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч  Д.Батсүрэн, шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нар ажиллаж байгаа бол Шигшээ багийн тамирчид болох Г.Ган-Эрдэнэ /49 кг/, А.Нурлан /52 кг/, Н.Төгсцогт /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/, Ж.Отгонжаргал /75 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/, Т.Ерболат /91 кг/ нар цомын тэмцээнд өрсөлдөж буйгаа дуулгалаа.

Эхний өдрийн тоглолтонд Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт Тажикстаны Авзалшоевийг оноогоор яллаа. Мөн ОУХМ Д.Отгондалай, Б.Чинзориг, Ж.Отгонжаргал нар эхний өрсөлдөгчөө буулган авч ялалт байгууллаа.

Д.Ана