Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч нас барвал түүний авч байсан тэтгэврээс 20 хувиар тооцон нөхөр эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор заасан.

Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм. Тиймээс хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш өндөр насны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтад хамаарагдана.

Гэхдээ хэд хэдэн шаардлагыг хангасан байх ёстой.

Тодруулбал

  • Эхнэр, нөхөр хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авдаг байх
  • Гэрлэлтээ батлуулсан байх
  • 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байх.

Харин эхнэр эсвэл нөхөр нь Цэргийн тэтгэвэр болон Халамжийн сангаас тэтгэвэр тогтоолгосон бол үүнд хамрагдах боломжгүйг анхаарна уу.

 

 

Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар