Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас электрон тамхи нь хүний сэтгэн бодох чадвар, ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг хэмээн мэдээлсэн.

Ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэл түгших, уцаарлах, шалтгаангүй сэтгэл санаагаар унаж буй мэт мэдрэмжийг төрүүлдэг. Мөн донтолт, сэтгэцийн эмгэгийг үүсгэх бүрэн боломжтой. Боловсролын сайд 2024 оны арваннэгдүгээр сарын 6-нд “Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай” тушаал гаргасан. Гэтэл энэ тушаал ерөнхий боловсролын сурагчдын электрон тамхины хэрэглээг төдийлөн бууруулж чадсангүй. Харин ч эсрэгээрээ өдрөөс өдөрт электрон тамхи хэрэглэгчдийн нас залуужиж, цар хүрээ нь тэлсээр байна. Тиймээс бид ерөнхий боловсролын бага, дунд, ахлах ангийн сурагчдаас бодит нөхцөл байдлыг тодрууллаа.

Дээрх асуудлаар Ерөнхий боловсролын зургадугаар ангийн хөвгүүдээс тодруулав.


-Дээд ангийн ах, эгч нар бүгд хэрэглэдэг. Ахлах ангийн ах нарын араас нойлд орохоор нялуун үнэр дотор муухай оргиулж, толгой өвтгөдөг. Нэг тийм манараад ч байгаа юм шиг. Жаахан сонин болж ирээд зүгээр болдог. Электрон тамхиных нь үнэр нь үнэхээр хэцүү байдаг. Олуулаа ороод гарахгүй байгаа бол тамхиа татаж л байгаа гэсэн үг. Баригдсан ч гэсэн больдоггүй. Багш, нийгмийн ажилтны нүдэнд харагдахгүй сороход л болно гээд сургуулийн ард очиж татдаг болсон. Сагсны талбай дээр таарахаар манай нэг найзыг сорж үзмээр байна уу гээд соруулж байсан. Гэхдээ одоо арванхоёрдугаар ангийн эгч нар л электрон тамхи хэрэглэдэг болсон. Ах нар бол янжуур тамхиндаа эргээд орчихсон юм шиг байна лээ. Сургуулиас холгүйхэн байдаг байрны саадан дээр очоод тамхилдаг гэсэн. Нэг удаа янжуур татаж байхыг нь манай найз харсан гэсэн. Найз охинтойгоо цуг электрон тамхи хэрэглэдэг ах нар ч олон бий. Татдаг төрөл нь адилхан болохоор санаа, сэтгэл нийлдэг гээд ярьж байхыг нь манай ангийн охидууд сонссон.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн долдугаар ангийн охидоос тодрууллаа.

-Танай ангийн хөвгүүд электрон тамхи хэрэглэдэг үү?

-Хэрэглэдэг. Гэхдээ манай ангийн охидууд электрон тамхи сордоггүй болохоор бусад ангиудаа бодвол харьцангуй бага хэрэглээтэй. Нөгөө хоёр бүлэг бол охидууд, хөвгүүдгүй бүгд сордог. Бүр охидууд нь өдөр бүр сорно. Гэхдээ одоо сургууль дотор татах нь бага байгаа. Харин сургуулиас гармагцаа л хурдан, хурдан олон удаа давталттай сороод байдаг. Хөвгүүд электрон тамхиа сорохгүй хэдэн цаг дараалаад хичээлдээ суучихаараа охидууд руугаа шалтгаангүй уурлаад байдаг. Манай ангийн зарим хүүхдүүд дундаа нэг электрон тамхи хувааж хэрэглэдэг. Ахлах ангийн ах, эгч нар шиг их мөнгөтэй явдаггүй болохоор хамгийн бага соролттойг нь авдаг гэсэн. Том ангийн ах, эгч нар бол 150.000 удаагийн соролттой электрон тамхи хэрэглэдэг гэж ярьдаг. Манай ангийн хөвгүүд өмнө жил бараг татдаггүй байсан ч энэ жилээс электрон тамхи хэрэглэдэг болсон. Зарим нь зуны амралтаараа ахынхаа, эсвэл аавынхыгаа хулгайлж татсаар байгаад орчихсон гэсэн. Харин бусад нь бол ахлах ангийн, эсвэл манай дошны ах нар шиг лаг харагдах гээд татдаг. Өмнө нь дээд ангийн ах нарын хувцаслалт, үсний засалт, үг хэллэгийг дуурайдаг байсан бол энэ жилээс татдаг электрон тамхийг нь дуурайдаг болчихсон. Анх есдүгээр сард татдаггүй байсан манай ангийн гурван хөвгүүн сорж үзэж байхдаа ханиалгаж, хоолой нь хорсоод байна гэхэд хүүхдүүд дооглож инээгээд байсан. Одоо тэр гурав манай бүлгийн хамгийн их электрон тамхины хэрэглээтэй хөвгүүд болчихсон. Хичээл амрахаас өмнө бусад бүлгийн хөвгүүдтэй соролтоороо уралдаад түрүүлсэн. Тэрийгээ охидуудадаа яриад явдаг юм. Одоо удахгүй ийм тэмцээн зохионо гээд электрон тамхи хэрэглэдэг охидууд хөвгүүдийн чихэнд шивнэдэг.

Дунд ангийн сурагчдын хувьд дээд ангийн ах нарыгаа дуурайн электрон тамхи хэрэглэх явдал давамгайлж буй учир наймдугаар ангийн хөвгүүдээс тодруулга авлаа.

-Одоо электрон тамхи хэрэглэж байгаа юу?

-Одоо бол хэрэглэхгүй байгаа. Сая амралтаараа ээжид баригдаад шийтгүүлснээсээ хойш хэрэглэхээ больсон. Долдугаар ангид байхдаа дээд ангийн ах нарынхаа тамхийг тоглоомоор сорж үзэж байгаад татаж эхэлсэн. Анх сорж үзэхэд их нялуун байсан ч дахиад хэд, хэд сороход болохоор юм шиг санагдсан. Мөн хоолой их гашуун оргидог юм билээ. Үүний дараагаас л манай ангийн хөвгүүд бүгд хамтдаа хэрэглэж эхэлсэн. Бид эхний нэг сардаа ээж аавынхаа өгсөн цайны мөнгийг нийлүүлээд хамгийн бага буюу 1000 удаагийн соролттойгоос нь аваад хувааж хэрэглэсэн. Үүний дараагаас электрон тамхийг сорохгүй бол нэг зүйл дутагдаад байгаа юм шиг, тайван сууж чадахгүй байгаа мэт мэдрэмж үе, үе төрдөг болсон. Яагаад ч юм сандраад, уур хүрээд, дотор давчиддаг. Сүлжээ дэлгүүрүүд насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи зардаггүй болохоор ангийнхаа хүүхдийн үеэл ахад мөнгө өгөөд электрон тамхи авахуулдаг байсан. Гэхдээ хамгийн бага соролттойгоос нь авдаг. Найзуудаараа нийлж электрон тамхи татахаар янжуур тамхийг нь татаж үзэх үү гэж хоорондоо ярьдаг байсан. Ер нь ийм сэдэл электрон тамхи хэрэглээд удаагүй байгаа хүүхэд бүрд төрдөг байх аа.

Бид найзуудаараа нийлээд электрон тамхи авах гэж оролдож байсан ч бүтээгүй. Гэхдээ манай найз аавынхаа тамхинаас хоёр ширхэгийг хулгайлаад аваад ирсэн. Нэг л удаа янжуур тамхи сорж үзсэн юм байна. Одоо зарим дээд ангийн ах нарыг харахаар электрон тамхи, янжуур тамхийг хослуулж хэрэглээд байдаг. Хичээл тарахаар янжуур тамхиа татдаг. Харин хичээл орж байх нойлд орж электрон тамхиа хэрэглэдэг. Одоо дээд ангийн ах нар шууд багш нарын өмнө, коридор, анги танхимд татдаг байснаа больчихсон. Аль болох хүний нүдэнд харагдахгүй татахыг хичээдэг болсон гэв.

Яагаад электрон тамхи хэрэглэх болсон бэ гэх асуултад бүгд л дээд ангийн ах нараа дуурайн дагаж, тэдэн шиг лаг харагдах гэж, эсвэл хөвгүүдтэйгээ охидууд нь нийлэхийн тулд гэх мэтчилэн өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйгээр хариуллаа. Дунд ангийн сурагчдын электрон тамхи татах сэдэл болсон ахлах ангийнхнаас цааш үргэлжлүүлэн тодруулга авлаа. 11 дүгээр ангийн хөвгүүд ийнхүү хариулсан юм.

-Электрон тамхи авах мөнгөө хаанаас олдог вэ?

-Анх электрон тамхийг мөнгө төлж авдаггүй байсан. Манай ангийн хүүхдийн ах нь электрон тамхи оруулж ирж зардаг байлаа. Бид найзуудаараа хүргэлт хийж оронд нь үнэгүй тамхи авч хэрэглэдэг байсан юм. Бараг жил гаруй ийм байдалтай байж байгаад больсон. Ахлах ангид орсон болохоор эцэг эх маань халаасны мөнгө их өгдөг болсон. Үүнийгээ долоо хоног хураахад хамгийн их соролтой электрон тамхи авч хүрэлцдэг. Одоо электрон тамхи хэрэглээд нийтдээ гурван жил болж байна. Анх эцэг эх, хамаатан садан, багш нараасаа нуугдаж хэрэглэдэг байсан. Харин одоо тэгэх шаардлагагүй болсон. Электрон тамхи ямар ч хор хөнөөлгүй гэдэг нь батлагдсан шүү дээ. Үеэлүүд, хамаатны ах нар, найзын аав гээд миний хүрээллийн хүмүүс ихэнх нь хэрэглэдэг. Хамгийн анх татаж эхлэхэд хоолой гашуун оргих, толгой эргэх, дотор муухай оргих мэдрэмж төрж л байсан. Одоо бол тайвшралыг мэдэрдэг.

Жаахан стрестсэн үед сорохоор дотор тайвшраад л явчихдаг. Манай найзууд электрон тамхийг соёлтой хэрэглээ гэж үздэг. Хамгийн чухал нь ямар үзэл бодлоор хэрэглэх нь чухал юм шиг санагдсан. Бидний хувьд бол амьдралын хэв маяг юм уу даа.

А.Даваадулам