УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө ШИНЭ нам хоёр хуваагдсан юм. Тодруулбал Ж.Батзандан тэргүүтэй тус намын үүсгэн байгуулагчид ШИНЭ нам УИХ-ын 2024 оны сонгуульд дангаараа оролцоод амжилт үзүүлж, парламентад суудалтай болох боломж маш бага, иймээс санал хувааж, МАН-д ашигтай нөхцөл байдал үүсгэхийн оронд АН-д нэгдэцгээе, АН-тай нэн даруй хэлэлцээрт орох нь зөв гэж үзэж байв.

Тэр бүү хэл хэлэлцээрийг урьдчилсан байдлаар хийж, намын жагсаалтын эхний 10, 15-д нэр дэвшүүлэх гэх мэт ШИНЭ намд харьцангуй ашигтай хувилбарыг ч АН-ын удирдлагууд санал болгосон гэдэг.

Харин нөгөө талд яагаад ч АН-тай нэгдэхгүй, эвсэхгүй гэсэн хэсэг Ж.Батзанданг хүчтэй эсэргүүцэж байсан юм. МАН-ын гишүүн байсан нөхдүүд ч уг бүлэгт багтаж байсан нь нууц биш. Мөн ШИНЭ намын дарга Ц.Гантулгыг ч МАН-ынхантай маш ойрын найз болох тухай улс төрийн хүрээнд ярьдаг.

 
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай бүр ШИНЭ намын дарга Ц.Гантулгыг уулзангуутаа өөрийнхөө утсаар Х.Нямбаатартай яриулж байсныг телевизээр дэлгэж байсан билээ.

 

 

 

Ж.Батзанданд алдаа оноо байдаг ч УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө бол бүхий л ардчиллын чиг баримжаатай намууд хамтран эвсэх, болохгүй бол АН-д нэгдэх хэрэгтэй гэсэн маш зөв байр суурьтай байсан юм.

Гэвч АН-тай нэгдэхгүй, эвсэхгүй гэсэн хэсэг олонхи болсон бөгөөд Ж.Батзандан ч арга буюу ШИНЭ намын үүсгэн байгуулагчдын хамт АН-д элссэн. Хачирхалтай нь АН-д нэгдэхгүй гэж улайран зүтгэсэн нөхөд МУНН-тай хамтран, "ШИНЭ нэгдсэн эвсэл" байгуулсан ч сонгуулийн сурталчилгаа гэхээр зүйл бараг хийгээгүй, маш зохион байгуулалт муутай УИХ-ын 2024 оны сонгуульд оролцсон юм. Мөн УИХ-д суудалтай болж чадаагүй ч тус эвслийн авсан санал АН, "Үндэсний Эвсэл"-ийн саналаас ихээхэн хуваалцсан.

Ерөнхий дүнгээрээ бол "ШИНЭ нэгдсэн эвсэл", Үнэн Ба Зөв Намууд МАН-ын ялалтад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Тэд УИХ-д суудалтай болж чадаагүй.

 

Өөрөөр хэлбэл бодит нөхцөл байдал Ж.Батзандангийн зөв байсныг нотолсон билээ.

Нэгэнт бодит байдлыг ойлгосон ШИНЭ намын буурийг сахигчид намаа татан буулгаж, АН-д дагаар орохоор болсон байна.

АН-аас байгуулагдсан ажлын хэсэг ШИНЭ намыг өөртөө нэгтгэх ажлыг цагаан сараас өмнө дуусгахыг зорьж буй болохыг АН-ын дарга, Тэргүүн Шадар Сайд Лу.Гантөмөр телевизийн ярилцлагад орох үеэрээ хэлжээ.

 

Э.Солонго

sonin.mn