“Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб” энэ удаа “Өглөөний цагийг өөртөө” уулзалтдаа  Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахыг урьж боловсролын салбарт тулгамдсан асуудлууд ба шийдлүүд сэдвээр ярилцлаа.

Тэрбээр боловсролын чанараа л сайжруулж байж улс орон урагшилдаг учраас хөрөнгө оруулалтыг Мега төслийн хэмжээнд авч үзэх цаг нь болсныг, судалгааны үндсэн дээр салбартаа хөрөнгө оруулалтыг хийх шаардлага тулгарсныг онцлон хэлэв.

 

Өнөөдөр манай улсын барилгын норм дүрэмд нэг анги 30-аас бага сурагчтай байхаар тооцсон байдаг. Гэтэл 40-өөс дээш сурагчтай анги нийт сурагчдын гуравны нэг хувь нь суралцаж байгаа билээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Нэг ангид 40-60 хүүхэд хичээллэж байхад сургалтын чанарын талаар ярих боломжгүй. Гэтэл Казахстан улсад жилд 240 сургууль барих үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж 100 гаруйг нь барьчхаад байна шүү. Бид саяхан очиж туршлага судлаад ирлээ. Тэнд нэг ангид хамгийн дээд тал нь 35 хүүхэдтэй суралцаж байна. Гэтэл манайд 60-аад хүүхэд чихэлдээд суудаг ангиуд ч цөөнгүй бий. Уг нь нэг сургуулийг дээд тал нь 1400-аас ихгүй хүүхэдтэй байхаар барилгаа барьдаг стандарттай. Гэтэл ихэнх нь даац хэтэрчихлээ.

Бүр 6000 дээш хүүхэдтэй хоёр сургууль байна. Үүний нэг болох 14 дүгээр сургуультай очиж танилцсан. Шатаар нь явахад хүүхдүүдтэй чихэлдсэн дүр зураг харагдана. Өглөө Токиогийн метронд суух гээд урдаас тээглэж, араасаа түлхүүлж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Сургуулийн спорт зааланд дөрвөн анги нэг зэрэг биеийн тамирын хичээл орж байгаа хүндхэн дүр зурагтай. Сургуулийнх нь нэг бүлэг дунджаар 50 гаруй хүүхэдтэй. Нийт 200 гаруй хүүхэд нэг спорт зааланд хичээллэнэ гэхээр дасгал хөдөлгөөн хийх, гүйж харайх, тоглох боломжгүй нь ойлгомжтой. Тийм сургуульд хичээлд суух таатай хүсэл хүүхдэд яаж төрөх вэ.  Тиймээс л юун түрүүнд хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ойрын үед 152,700 сурагчийн 157 ЕБС яаралтай барих хэрэгтэй байна.” гэлээ.

Мөн багшийн хомсдол, боловсон хүчний асуудлыг шийдэхийн тулд “Шилдэг төгсөгч багш” хэмээх хөтөлбөрийг боловсруулж байгаа ажээ.

Энэ тухайд “Элсэлтийн ерөнхий шалгалтад 600-аас дээш оноо авсан хүүхдийг шилдэг төгсөгч гэж үзнэ. Ийм хүүхэд багш болбол төр амлалт өгөх ёстой. Сайн  эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй. 600-аас дээш оноо авсан хүүхэд багшийн сургуульд элсвэл төлбөрийг нь 100 хувь даахаас гадна сар бүр тэтгэлэг өгье. Илүү өндөр оноо авсан хүүхэд багш болох тусам улам сайн нөхцөл санал болгох хэрэгтэй. Боловсролын зээлийн сангаас тэр хүүхдүүдэд тэтгэлэг олгоё.

Тэтгэлэг, төлбөрийн хөнгөлөлт авсныхаа төлөө орон нутагтайгаа гэрээ байгуулна. Төгсөөд гэрээний дагуу сум, орон нутагтаа очиж багшилна. Хэрэв байгуулсан гэрээнийхээ дагуу сум, орон нутагтаа очиж ажиллахгүй бол Боловсролын зээлийн санд тэтгэлгээ буцааж төлөх зохицуулалт хийе. Сургуулиа төгсөөд багшлахаар очиход үед шууд тэргүүн ээлжинд ипотекийн зээлд хамруулах нөхцөлийг бүрдүүлье.” гэв.

Цаашид багшийн цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа дээр Казахстан улсын жишээ татаж байв.Тус улсад төрийн үйлчилгээний албан хаагч дотроо хамгийн өндөр цалинтайд багшийн ажил тооцогддог болсон байна. Энэ хэрээрээ өрсөлдөөн нэмэгдэж, багшаар ажиллах сонирхолтой оюутнуудын тоо нэмэгджээ.

эх сурвалж UGLUU.MN