Одоогийн УИХ-ын гишүүн, “Shark Tank” нэвтрүүлгийн хөрөнгө оруулагч Б.Пунсалмаа нь “М-Ойл” ХХК-ийн захирал байх үедээ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн онц их хэмжээний хөрөнгийг залилж, хуурамч гэрээ, бичиг баримт үйлдэн, аудитын дүгнэлт гаргуулж, түүгээрээ улсаас онц их хэмжээний буюу 86.5 сая ам.доллар (одоогийн ханшаар 298 тэрбум төгрөг)-ыг концессын төлбөрт авч, түүнийгээ угаах зорилгоор зориулалтын бус зарцуулалт хийжээ.

Хохирогч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь одоог хүртэл хууль, шүүхийн байгууллагад гомдол гарган хөөцөлдсөн боловч Монгол Улсын авлигад автсан шүүх, хуулийнхны өмнө хүчин мөхөстөөд байна.

Хэргийн түүх

Анх 2016 онд “ВТ” концесс буюу “Барих, шилжүүлэх” нөхцлөөр “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын төсөл”-ийн хөрөнгө оруулагчаар “Хос Мөнгөн Зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр гадаадын хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” ХХК ажиллахаар болж гэрээ байгуулсан байна. “Хос Мөнгөн Зам” ХХК-ийн дийлэнх буюу 80%-ийн хувьцааг “М-Ойл” ХХК эзэмшдэг бөгөөд энэ нь Монголчуудын сайн мэдэх “Shark” Пунсалмаа болон түүний гэр бүлийн компани юм.

Харин “Шинжиан Шинфа” ХХК нь Монгол Улсад нийт 843.4 км авто замын төслийг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлсэн компани юм. Монголчуудын сайн мэдэх “Яармагийн зам”, Завханы “Толин зам”, Увс, Ховд аймгуудад баригдсан замууд бүгд энэ компанийн бүтээн байгуулалт. “Шинжиан Шинфа” ХХК-ийн захирал “Замын чанар барьсан хүнийхээ хүн чанарыг илэрхийлдэг” гэж хэлсэн нь үнэн юм. Үнэхээр л Монголчууд түүний барьсан замаар салхи татуулан давхиж, холыг дөтлөн, амьдрал ахуйгаа дээшлүүлсээр яваа билээ. Гэтэл түүнийг гавьяа шагнал өгч алдаршуулах нь битгий хэл, хөшигний ард санаанд багтамгүй зүйлс өрнөсөн нь “Shark” Пунсалмаа тэргүүтэй бүлэг хүмүүсийн гэмт үйлдэл юм.

Төслийн луйвар буюу гадаадын хөрөнгө оруулалттай компанийг залилсан нь

Төслийн үнэ буюу 135.7 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын төслийн нийт үнийн дүн 86.5 сая ам.доллар байсан бөгөөд үүнээс ерөнхий гүйцэтгэгчийн төслийн ажлыг бүхэлд нь гүйцэтгэх үнэ 63.8 сая ам.доллар байжээ. Гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх хөрөнгийг “Хос Мөнгөн Зам” ХХК гаргаж, энэ хөрөнгөөр “Шинжиан Шинфа” ХХК замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ёстой байсан. Гэвч “Хос Мөнгөн Зам” ХХК буюу “М-Ойл” ХХК нь хөрөнгө оруулалт, менежмент, зээлийн хүүгийн нөхөн олговор нэрээр 22.7 сая ам.долларын шууд ашиг авахаар байжээ.

Гэрээний тохиролцооны дагуу “Шинжиан Шинфа” ХХК нь 135.7 км урт зайд бүх туслан гүйцэтгэгч, техник, тоног төхөөрөмжөө байршуулан замын барилга угсралтын ажлыг өргөн хүрээнд явуулж эхэлсэн боловч “Хос Мөнгөн Зам” ХХК анхнаасаа л гэрээгээ зөрчиж, урьдчилгаа төлбөр хийх байтугай, хийгдсэн ажлын төлбөрийг ч өгдөггүй байжээ. Эхэндээ “удахгүй мөнгө орно, гадаадаас санхүүжилт, хөрөнгө оруулалт авч байгаа, жаахан л тэсчих” гэх мэтээр ажил гүйцэтгэгч компанийг ятгадаг байсан боловч сүүлдээ тайлбар хэлэхээ ч больж, бүр сүүлд нь “та нар төслөөс гарч болно, манай нөхцлийг хүлээн зөвшөөр, ажлаа үргэлжлүүлэхгүй бол танай компанийн эрхийг цуцалж, төслийн гүйцэтгэгчээр өөр компани оруулна” гэж сүрдүүлж, дарамталж байсан байна.

Ер нь замын барилга угсралтын ажил нэгэнт эхэлсэн л бол түүнийг зогсоох нь илүү зардалтай. Тэгээд ч аль хэдийн өөрсдийн багагүй хөрөнгийг оруулаад, нийт ажлын гүйцэтгэл 60%-иас илүү болсон үед “Шинжиан Шинфа” ХХК өөрсдөөс гаргасан энэ хөрөнгийг шууд алдах эрсдэл тулгарч байсан тул шүд зуун, өр зээл тавьж, өөрсдийн бүх боломжийг дайчлан ажлыг үргэлжлүүлсээр 2019 оны 11-р сарын 11-нд 135.7 км замыг улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан байна. Энэ үед “Шинжиан Шинфа” ХХК нь “Хос Мөнгөн Зам” ХХК улсаас концессийн төлбөрөө авахаар өөрийнх нь гаргасан бүх зардлыг эргүүлэн төлнө гэж найдсан хэвээр байжээ. Гэтэл цаашид дахин дахин хөмрүүлэх болно.

2016 оны 3-р сараас 2019 оны 11-р сар хүртэл хугацаанд буюу төслийн эхнээс дуустал “Хос Мөнгөн Зам” ХХК гаднаас нэг ч төгрөгийн санхүүжилт авч байгаагүй, гадаадаас мөнгө зээлж байгаагүй, байсан ч замын төсөлд оруулаагүй, зөвхөн 2.91 сая ам.долларын шахааны бизнесээ л явуулсан байна. Нийт 63.8 сая ам.долларын мөнгөн хөрөнгө оруулах ёстой байтал энэ үүргээ огт биелүүлээгүйгээр барахгүй, нэмээд шахаагаа хийсэн.

Шударга бус гэрээ, луйврын үргэлжлэл

2019 оны 11-р сард замын барилгын ажил бүрэн дууссан ч төслийн төлбөрийг төлөөгүйгээр барахгүй, данс тооцоо ч нийлэхгүй бултаж явсаар хоёр жил сунжруулсны эцэст 2021 оны 6-р сарын 21-ний өдөр арай гэж “Төлбөр барагдуулах гэрээ” гэгчийг хийсэн байна. Энэ гэрээ нь тэр чигтээ шударга бус үндсэн дээр байгуулагдсан. Гэрээгээр халхавчлан залилан хийх, мөнгө угаах үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор тус гэрээнд дараах хууль бус заалтуудыг оруулсан байна. Жишээ нь, гэрээний 3.2-т “Талууд нь гэрээнд гарын үсэг зурснаар санхүүгийн тооцоог бүрэн хүлээн зөвшөөрсөн нөхцөл хэмээн үзэж, цаашид төлбөртэй холбоотойгоор хууль, шүүхийн байгууллагад ямар нэгэн гомдол гаргах эрхгүй” гэж заажээ. Мөн гэрээний 3.3-т “Талууд нь төлбөртэй холбоотойгоор хууль, шүүхийн байгууллагад хандсан тохиолдолд энэ гэрээний 3.2-д заасан тохиролцоог зөрчсөний хариуцлагаар энэхүү гэрээг байгуулахад тохиролцсон нийт үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх торгуулийг нөгөө талдаа төлнө” гэсэн нь хэт дээрэнгүй заалт бөгөөд залилан мэхлэх үйлдэл гэдэг нь бүрэн харагдаж байна.

Хуурамч гэрээ, авлига

Монгол Улсын Сангийн яам 2020-2022 онуудад “Хос Мөнгөн Зам” ХХК-д концессийн нийт төлбөрийг улсын төсвөөс бүрэн олгосон. Ингэхдээ “Shark” Пунсалмаа тэргүүтэй этгээдүүд дараагийн гэмт хэргийг үйлджээ.

Тухайлбал, “Хос Мөнгөн Зам” ХХК нь Сангийн яамнаас төслийн төлбөрийг авах зорилгоор “Шинжиан Шинфа” ХХК-ийг үгүйсгэн, төслийн гүйцэтгэлийн ажилд огт оролцож байгаагүй “Монпетекс” ХХК гэх компанийг төслийн ерөнхий гүйцэтгэгч байсан мэтээр хуурамч баримт, мэдээлэл, гэрээ үйлдэн, тэрхүү хуурамч гэрээ материалыг хянан батлуулах зорилгоор Аудитын ерөнхий газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнуудад авлига өгч, хуурамч баримтад үндэслэн улсын төсвийн санхүүжилтийг хүлээн авсан. Энэхүү үйлдэл нь луйвар, авлига юм.

Мөнгө угаалт

Тэд Сангийн яамнаас төлбөр хүлээж авсан ч “Шинжиан Шинфа” ХХК-д шилжүүлэлгүйгээр, харин 72.9 тэрбум төгрөгийг нэр бүхий дөрвөн нефтийн компанид, 60 тэрбум төгрөгийг “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-д, 30 тэрбум төгрөгийг “Глобал таун” хотхонд, 60 тэрбум төгрөгийг Өмнөговь аймаг дахь өөрсдийн төсөлд шилжүүлсэн байна. Эдгээр компаниуд нь 135.7 км замын төсөлд ямар ч хамааралгүй бөгөөд энэ нь шууд утгаараа мөнгө угаах, завших гэмт хэрэг болох нь илэрхий юм.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС ...