Удахгүй хэдхэн хоногийн дараа Монголын уламжлалт цагаан сарын баяр болно. Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд Монголын ард түмэн бэлэг сэлт, идээ ундаагаа бэлтгэж ихээхэн хөл хөөрцөг болдог. 

Тэгвэл жил бүр болдог энэ үндэсний баяраа Монголчууд даруухан тэмдэглэх хэрэгтэй байна. Түүхэн баримтаас үзвэл Монголчуудын цагаан сар нь Хүннү гүрэн болон түүнээс урьд өмнийн угшилтай аж. Тэр үед Монголчууд энэхүү үндэсний баяраа эртний өвөг дээдсийнхээ ёс уламжлалын дагуу ёс төртэй тэмдэглэж ирсэн байна. Тиймдээ ч орчин үед Монголын ард түмэн энэ баяраа тэмдэглэхдээ энэхүү ёс заншлаа дагаж өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлдэг. Гэтэл сүүлийн үед Монголын ард түмэн энэхүү үндэсний баяраа дэндүү нүсэр тэмдэглэдэг болсоор удаж байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд айл бүр маш том ууц бэлтгэж, цагаан сарын ул боовоор чамирхдаг. Мөн айл бүр ууц, ул боовоороо өрсөлдөж, бас баярын үеэр ирсэн зочиддоо өгөх гэж элдэв янзын бэлэг сэлт цуглуулдаг. Үүний зэрэгцээ айл болгон элдэв янзын гадаадын үнэтэй архи, виски худалдан авч, гарын бэлгэнд өөрсдийнхөө зовж олсон мөнгийг зарцуулдаг. 

 

Монголчууд өнөөдөр тэгтлээ баяжаад мөнгө төгрөгөө барж ядсан улс биш, олонхи нь хоног тоолж өл залгаж яваа. 

 

Харамсалтай нь өөрсдийнхөө зовж олсон өчүүхэн мөнгийг цагаан сар, зун намрын их найранд зарж үрээд хамаг байдгаа барж байна. Энэ нь өнөөгийн Монголчуудад тохиолдож буй нийтлэг нэгэн төрлийн гамшиг юм. Эдийн засгийн талаасаа ийм үр дагавартай байдаг бол эрүүл мэнд, биологийн талаасаа бас ихээхэн аюул дагуулдаг. Монголын эртний түүх сурвалжаас үзэхэд эртний монголчууд хонины ууц, ул боовыг ахмад настандаа хүндэтгэл үзүүлэн засч найрладаг заншилтай байв.

 

Харин өнөө үед монголчуудийн дийлэнх нь тарган хонины ууц, ул боов, архи дарс, бэлэг сэлтээр өрсөлдөж байна. Тийм болохоор жил бүр тэмдэглэдэг энэ баяраа Монголын ард түмэн цомхон тэмдэглэх цаг нэгэнт болсон байна. 

 

Өмнө нь хэдэн жилийн өмнө Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос хэрэглэгч түмэндээ хандан цагаан сарын баярыг цомхон тэмдэглэх уриалга гаргаж байв. Гэтэл хэрэглэгч олон түмэн өнөөг хүртэл энэ уриалгыг үйл ойшоосон хэвээр байна. Тэр үүднээсээ цагаан сарын баярыг ард нийтээрээ цомхон тэмдэглэх нь зүйтэй юм. Тэгэхгүй бол удахгүй болох сар шинийн баяраар ард иргэд маань хамаг байдгаа барж, цаашлаад өр зээлнээс үүдэн ядууралд өртөх эрсдэлд ч хүрч болохыг үгүйсгэхгүй. Тийм болохоор жил бүр тэмдэглэдэг үндэсний уламжлалт цагаан сарын баяраа даруухан тэмдэглэхийг ард нийтдээ уриалж байна. Тэгж байж ард иргэдийн маань амьдрал бага ч атугай хөнгөрч, удахгүй болох сар шинийн баяраа ямар нэгэн хүндрэлгүй тэмдэглэх боломж бүрдэх юм. 

 

Ж.Батдорж