ЭМГЭНЭЛ - Ж.БОЛОРХАЖИД
2025/02/17
Монголын сэтгүүл зүйн нэгэн төлөөлөл, бидний эрхэм дотнын нөхөр, хамтран зүтгэгч, халамжит хань, хайрт ээж Ж.Болорхажид 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр өвчний учир таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз, уй гашуу тохиолоо.
Тэрээр 1983 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод айлын гурав дахь хүүхэд болон мэндэлж, Сэлэнгэ аймгийн 4-р 10 жилийн сургуулийг 2000 онд дүүргэж, Монгол Бизнес дээд сургуульд Татварын эдийн засагч, Их Монгол дээд сургуульд сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн юм.
Ж.Болорхажид нь 2004 онд “Монголын нэг өдөр” сониноос ажлын гараагаа эхэлж, “Mongolian Mining Journal” сэтгүүлд сэтгүүлч, Shuud.mn сайтад сэтгүүлч, тоймчоор ажиллахын зэрэгцээ “Зэрлэг алим” сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг тодорхойлон эрхлэн гаргаж байв.
Улмаар 2012 оноос “Эрхэт Монгол медиа групп”-ийн харьяа Zindaa.mn сайтын сэтгүүлч, тоймч, 2018 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны даргаар томилогдон ажиллаж байв.
Тэрээр Монголын сэтгүүлзүйн салбарт 21 жил ажилласан мэргэжлийн өндөр ур чадвартай, эдийн засгийн чиглэлээр дагнан мэргэшсэн тоймч, сэтгүүлч байсан юм. Түүний эдийн засаг, банк санхүү, уул уурхай, орд газар, гадаад харилцаа, Монголд үзүүлэх үр нөлөөллийн талаар анализ хийсэн нийтлэл, сурвалжилга, мэргэшсэн ярилцлагууд нь мэдээллийн сайтууд дахь эдийн засгийн чиглэлийн сэтгүүл зүйн бүтээлүүдээс сор болж, эдийн засгийн дүн шинжилгээ бүхий нийтлэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэхэд өөрийн хувь нөлөөг оруулж ирсэн юм. Ялангуяа эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн бүтээл, хөндлөнгийн нөлөөлөлгүй буюу цэвэр тооны хэлээр бичиглэдэг сэтгүүл зүйн бүтээл нэн шаардлагатай өнөө үед түүний нийтлэл, тоймууд салбарын хүрээндээ үргэлж ялгарч, уншигчдын талархалыг хүлээсээр ирсэн юм.
Ж.Болорхажид нь эдийн засаг, уул уурхайн чиглэлээр бичиж туурвисан олон мянган сурвалжилга, нийтлэл, ярилцлага, мэдээ мэдээллээрээ ур чадвараа нотлон, Монголын сайтын холбооны “Best pen” шагнал, Хэвлэл, мэдээллийн тэргүүний сэтгүүлч, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Ган үзэг”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдэг, "Web Awards-2019" наадмын “Сайтын шилдэг сэтгүүлч” шагналаар тус, тус шагнагдаж байв.
Түүний бичиж, туурвисан бүтээлүүд нь Монголын сэтгүүл зүйн өв болон үлдэж, мэдлэг, ур чадвар, хүнлэг, ажилч хичээнгүй зан чанар, нийтэч дүр төрх нь сэтгүүлч нөхөд болон хамт олныхоо сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачийн хань, үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
zochin · уржигдар
Um maani bad mi chum !