“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтөнд хамрагдаад хохирсон иргэд болоод гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар барилгын компаниуд, оршин суугчидтай тогтмол уулзалтыг зохион байгуулж байна.

Иргэдийн зүгээс барилгын ажил удаашралтай, түрээсийн мөнгө өгөхөө больсон зэрэг асуудлыг онцолж байгаа бол барилгын компаниуд дэд бүтцийн асуудал тулгарсан, хөрөнгө мөнгөний гачигдалд орсон гэх асуудлуудыг түлхүү ярьж байна.

"Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ын хувьд энэ бүх асуудлыг судалж, эхнээс нь гарц гаргалгаатай, зураг төслийн дагуу хяналт хариуцлагатай, төлөвлөлтийг чамбайруулж ажлаа эхлүүлэх зорилго тавьж байна. Бодлогын хувьд ч тэр, менежментийн ажлыг дорвитой явуулахад хаана ямар асуудал байна бид ч судлая, иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхэн ч бидэнд саналаа уламжлаарай хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө ярьсан юм.