Монгол бөхөд жил жилийн наадмын өнгийг тодорхойлох нэг том үйл явдал байдаг нь сар шинийн барилдаан юм. Сар шинээр сайн барилдсан бөх тэр жилийнхээ наадмаар цол авсан, ахисан тохиолдол олон бий. Энэ нь билэгшээлтэй төдийгүй сар шинийн өнгөнд бөхчүүдийн хийморь сэргэдэг ч байж болох юм.

Золголт дөхсөн өдрүүдэд бөх сонирхогчид хэдэн бөхчүүдээ бодол оюундаа барилдуулж XVII жарны “Элдэв Эрдэнэт” хэмээх модон могой жилийн нэрэмжит барилдааны манлай бөх хэн байхыг тааж ядан догдлож буй биз. Энэ бол барилдаан болохын өмнөх “бага наадам” юм даа.

Харин энэ жилийн сар шинийн барилдаан тун төсөөлөл сайтай болох янзтай. Энэ нь Монголын Бөхийн холбооны уламжлалт Бөхийн баярынхаас гадна сар шинийн барилдаан “хөдөө гарч” аймаг бүрт улс, аймгийн алдар цолтнууд оролцсон томоохон барилдаанууд болж байгааг олон түмэн тун таатай хүлээн авч байна. Улсын аварга, арслан, заан гээд томчуул аймгаас аймагт өртөөчлөн очиж зодоглоод хөдөөгийнхнөө баясгаж цаашлаад монгол бөхөө дээдлэх боломжийг нээж өгч байгааг харлаа.

Хэд хоногийн өмнө Булган аймгаас төрсөн таван аваргын нэрэмжит барилдаан тус аймагт мөн л сар шинийн гэсэн тодотголтой болсон. Тэр барилдаанд улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Хүдэрбулга тэргүүтэй улсын цолтой 30-аад бөх оролцсон. Нударга зааж О.Хангай аварга түрүүлж, улсын арслан С.Бямба-Отгон үзүүрлэсэн.

Шөвгийн дөрөвт улсын начин Д.Амарсайхан, Б.Түмэндэмбэрэл нар үлдэж Булган аймаг бөхтэй шүү гэдгээ харуулсан. Үнэхээр тус аймгийн хэдэн начин тун сайхан барилдсан. “Амаргүй Амараа” гэх начин маань улсын заан Д.Хүдэрбулга, улсын залуу начин Э.Батмагнай нарыг улсын начин Б.Түмэндэмбэрэл нь улсын заан Б.Серик, улсын харцага Б.Цэдэнсодном гээд тун дээгүүр барилдчих болов уу гэсэн бөхчүүдийг өвдөг шороодуулж шуугиан тарьсан юм.

Энд Д.Амарсайхан начинг онцлохоос өөр арга байсангүй. Тэр барилдаанд түрүүлнэ гэж очсон бөхчүүдийг үзэгчдийн суудалд шилжүүлж чадсан юм шүү.

Бас дараа нь Өмнөговь аймагт улсын начин Ш.Дарханбаттай үлдэж, Дундговь аймагт болсон барилдаанд аймгийн хурц арслан Н.Амгаланбаяртай үлдэж хоёуланд үзүүрлэсэн байгаа юм.

Тэгээд өнгөрсөн Ням гаригт Хэнтийд очиж тэнд жаахан азгүйтэж хоёрын даваанд уначихна лээ.

Бөх хүн давдаг бас унадаг ч. Ингээд хөдөөд болсон сар шинийн барилдааны нэгэн “Өндөрхааны цом” аймгийн арслангуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны тухай сонирхуулъя.

Хэнтий аймгийн биеийн тамир спортын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ барилдаан энэ жил улам өргөн дэлгэр болов. Монгол Улсын далай даян дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, улсын харцага Т.Баасанхүү, Б.Цэдэнсодном, Э.Ууганбаяр нар тэргүүтэй 128 бөх зодоглож, Хэнтийнхэн бултаараа баярлах шиг болсон. Даангүй нутгийнх нь бөх Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж “Өндөрхааны цом”-ын анхныхыг хүртсэн явдал онцгой байлаа.

Энэ барилдааны тавын даваанд дархан аварга Н.Батсуурийг түвдэлгүйхэн давж үзүүр, түрүүнд үлдсэн Өвөрхангай аймгийн харьяат, улсын харцага Б.Цэдэнсодном үзүүрлэсэн юм. Дархан аварга Н.Батсуурь, улсын начин Л.Энхсаруул хоёр Увсынх. Тэд их шөвөгт шалгарсан. Мөн барилдаанд түрүүлэх магадлалтай гэгдэж байсан улсын арслан Ц.Бямба-Отгон аймгийн хурц арслан Д.Алтанцоожид, улсын харцага Г.Бадрах улсын харцага Э.Ууганбаярт унаж харагдсан. Бас аль ч барилдаанд голдуу шөвгөрч байдаг улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Бат-Өлзий нар энэ наадмын хоёрын даваанд унаад өгдөг юм.

Улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага Б.Цэдэнсодномд, улсын начин Э.Батмагнай түрүү бөх аймгийн хурц арслан Д.Алтанцоожид тахим өгөв.

Энэ бол тавын даваанд даваагаа дуусгасан гэсэн үг. Ийм л барилдаанууд болсныг үзэгч түмэн “ТВ-9” телевизээр шууд дамжуулахыг харлаа. Бөхчүүдийн бэлтгэл ямар байгааг гайгүй гадарлав даа. Гэхдээ сар шинийн баяраар тэр бөх түрүүлнэ гээд хэлчих хэцүү л юм.

О.Хангай аварга тун ханасан бэлтгэлтэй нь ил байгаа. Он гараад хэд хэдэн барилдаанд түрүүллээ. Түүнийг могой жилийн тэргүүн бөхөөр тодроход гайхах юмгүй л болов уу.

Харин тэр үзүүрлэнэ. Тэд шөвгөрнө гээд хэлэхийн аргагүй. Нүүдэллэж явж барилдаагүй ч хашир аварга П.Бүрэнтөгс дотроо бодолтой л яваа байх. Н.Батсуурь аварга “би болоогүй шүү” гэдгээ барилдаан бүрээр “хэлээд” л байгаа. Тиймээ. Түрүүлэх бөхийн тоонд жагссан хэвээр байгаа тэр.

За тэгээд улсын харцага “цахилгаан” хэмээх Б.Зоригтбаатар, улсын залуу арслан Б.Орхонбаяр гээд байна.

Улсын шинэ начин Л.Энхсаруул гэж нэг “аюул” бий. Тэд сар шинийн барилдааны үеэр яаж ч гялалзаж магадгүй дээ.

Сая Хэнтийдээ түрүүлсэн Д.Алтанцоож, Сүхбаатар аймгийн харьяат Н.Өсөхбаяр гээд аймгийн хурц арслангуудыг  үзүүр, түрүүнд үлдчихсэн байхад бас гайхаад байх нь бас илүү зан болно биз.

Бас давааг горьдох биш гуядаж авах улс аймгийн цолтон олон бий. Ноднин нэг нөхөр зурхайд суурилж бөхийн таавар дэвшүүлснийг сонирхож үзсэн. Түүний тааврыг уншвал луу жилд баруун аймгийн бөхчүүд тийм амжилттай барилдахгүй гэсэн байлаа. Гэтэл баруун аймгаас дархан аварга хүртэл төрсөн. Шинэ начин нэг биш гараад ирсэн.

Төвийн болон хангайн бүсийнхэн илүүрхэнэ гээд Төв аймгийн бөх түрүүлж Өвөрхангай, Архангайн бөх үзүүрлэнэ гэж тэр зурхайч зурсан чинь бас л тэс өөр наадам болсон. Тэр зурхайч энэ жил чимээгүй л болчихож.

Бичигч бивээр тэр нөхөр шиг дуугүй байхыг тэвчсэнгүй.

Сар шинийн барилдааны сорилго гэхээр хэд хэдэн барилдаан үзлээ. Тиймдээ өөрийн бодлыг цухасхан ч гэлээ хэллээ. Бөх мэддэг юм шиг гээд шүүмжлэх нэгэн байвал тэр л биз. Санал бодлоо солилцоно гэдэг соёл юм л даа.

Эцэст нь нэгийг хэлэхэд “ТВ-9” телевизийнхэн орон нутагт болж буй томоохон наадам, барилдааныг нүүдэллэн сурвалжилж шууд нэвтрүүлж байгаад олон үзэгч талархаж байгаагаа хэлж байна лээ. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин