"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны ногдол ашгийн хоёр дахь хэсгийг өнгөрсөн долоо хоногт /2025.02.26-28/ шилжүүлсэн. Иргэдийн данс руу гүйлгээ хийгдэж дууссан бөгөөд битүүний өдөр буюу Баасан гаригт багтаж бүх иргэний данс руу шилжүүлэг хийгдсэн байна.

Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай нэг иргэнд нийт 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн.

Энэ удаа татвар хасагдаад 1072 хувьцаатай нэг иргэнд 100.009 төгрөг орсон.

Харин зарим хүн хувьцааны ногдол ашгийн мөнгө нь дансанд нь ороогүй талаар хэлж байна.

Тэгвэл "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иас иргэдийг ногдол ашгаа шалгах тохиолдолд ямар, ямар аргаар шалгаж болох талаар мэдээлэл өглөө.

Иргэд ногдол ашиг авсан эсэх, болон бусад мэдээллээ авахыг хүсвэл иргэд 158989 гэдэг дугаарт регистрийн дугаараа латин үсгээр томоор бичиж мессежээр илгээхэд мэдээлэл ирнэ. Мөн ТҮЦ машинуудаас ногдол ашгийн мэдээллээ авч болно. Хамгийн сүүлд хийсэн хөгжүүлэлтээр иргэд И Монголиа порталд хандаж профайл хэсэг рүү орж, үнэт цааснууд гэдэг цэс дээр дарахад тухайн иргэний эзэмшиж байгаа бүх хувьцааны тоо ширхэг, ямар үнэт цаасны компанид данс нээлгэсэн мэдээлэл, ногдол ашгийг хэдэн онд аль арилжааны банкны дансандаа авсан талаар нэгдсэн мэдээлэл гарах аж.

Тиймээс иргэд утсаар залгаж, биеэр үнэт цаасны төвд хандахгүйгээр бүх мэдээллээ цахимаар авах боломжтой  гэлээ.

Үнэт цаасны данс нээлгээгүй иргэд ч дансаа И Монголиа цахим хуудсаар хандаж нээлгэх боломжтой болжээ.