Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.03.06/ товлосон боловч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Учир нь шүүх хурлыг даргалагч шүүгч нь ногоон автобусны хурлын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа учраас хурлыг хойшлуулахаар болсон байна. 

Нэг жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Дүнжингаравын уулзвар дээр газ тээвэрлэж явсан "Дашваанжил" компанийн жолооч осол гарган, дэлбэрэлт болсноос долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Мөн олон хүн бэртэж гэмтэн, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон. Харамсалтай нь, хэрэг явдал болсноос хойш нэг жил болоход хэргийн хохирлыг одоо болтол барагдуулж, шийдэж чадалгүй 2025 онтой золгосон. Хэргийг прокурорын байгууллагаас /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж үзээд, хүлээн авсан байдаг.

Энэ хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн байдаг. Хуулийн байгууллагаас дэлбэрэлт болсон хэргээр "Дашваанжил" ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татсан гэж мэдээлсэн. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авсан талаар албаныхан мэдээлсэн.