Ухаахудагийн “Улс төрийн ТУЗ”-д байгаа ганц “түүз”
5 цагийн өмнө
Үндэсний баялгийн сан гэдэг “сав” бэлэн болсон. Стратегийн ордууд гэдэг “сааль” дээрээ асуудал үүссэн. Стратегийн 16 ордын долоо нь Үндэсний баялгийн сангийн орлогыг төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол”-д хагас дутуу харьяалагдаж байна.
Эдгээр долоон ордын нэг болох Тавантолгойн Ухаахудагийг 2008 онд олон эзэмшигчтэй хувийн компанид таслаад үлдээчихсэн. Засгийн газрын ажлын хэсэг нь тухайн ордыг эзэмшигчидтэй 2007-2008 онд энэ талаарх хэлэлцээр хийсэн.
2008 онд гэрээг байгуулсан. Тэр утгаараа, өнөөдөр тухайн үед улс төрийн хийгээд “бизнес”-ийн шийдвэр гаргасан хүмүүс буруудаж магадгүй нөхцөл үүсээд байгаа юм. Засгийн газар 2025 гуравдугаар сарын 6-ны хуралдаанаасаа “УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр Ухаахудагийг үлдээжээ.
Үүнийг хулуьд нийцүүлэх хэрэгтэй байна” гэсэн агуулга бүхий тогтоолыг гаргажээ. Засгийн газрын Хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийсэн. Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаахудагийн ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг шийдвэрлэх эрх хэмжээ нь гагцхүү УИХ-д байгаа учир УИХ-ын тогтоол гаргаж, уг тогтоолоор олгогдсон эрх хэмжээний дагуу Засгийн газар "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэж тогтоолын төсөл боловсруулсан” гэсэн юм. Энэ мэдээллийн дараа Монголын улс төр, бизнест нэр нөлөө бүхий иргэн О өөрсдийн үг, эсэргүүцлийг илэрхийлэх хэмжээний 5-6 улстөрчид чиглэл өгчээ. Тэр даруйд цахим сүлжээнд мэдэгдлүүд хийж байна. Улмаар О.Алтангэрэлийн хариуцсан салбарууд руу ч “буудаад” эхэллээ.
“Чиглэл” ёсоор өнөө, маргаашдаа дахиад 4-5 улстөрч Засгийн газар, ХЗДХ-ийн сайдын эсрэг үзэл бодлоо илэрхийлэх учиртай юм байна. Ер нь бол, Ухаахудаг аргагүй том ашиг сонирхол, том эрх ашиг аж. Түүний мэдэгдэл могой жилийн улс төрийн эхлүүлчих шиг боллоо.
Гэхдээ Засгийн газар ингэж тогтоол гаргаснаар Ухаахудагийн асуудал УИХ руу “нүүчихэж” байгаа юм. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Үндэсний баялгийн санд Ухаахудагийг авах тал дээр л кнопдох магадлалтай. Учир нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2024 оны дөрөвдүгээр сард батлагдсан. 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө гэсэн үг. Сонгуулиар одоогийн гишүүдийн дийлэнх нь “...Үндэсний баялгийн санг бодит ажил болгоно” гэж амлаж гарч ирсэн. Тэгэхээр Засгийн газрын тогтоолоор хандсан Ухаахудагийн хувьчлалын асуудлыг унагах боломжгүй юм. Нөгөөтэйгүүр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганы хаалт дээр “...Баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх шударга ёсны тэмцэл бүрэн үр дүнд хүрч хараахан амжаагүй байна. Энэ тэмцлийг зориудаар зогсоох, гацаах, үнэгүйдүүлэх, үр дүнгүй болгож харагдуулах, илт мушгин гуйвуулсан хар мэдээллээр нийт нийгмийг сөргөлдүүлэх замаар эрх ашгаа гүйцэлдүүлэх зорилготой бүлэглэлүүдийн ил, далд эсэргүүцэл илүү зохион байгуулалттай болж, эрчимжиж байна. Ийм үед эх орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлж, ёс зүй, сахилга хариуцлагыг бат журам болгон, шударга ёс, иргэнээ дээдэлсэн төр, эрүүл нийгэм, хөгжлөө тэтгэсэн эдийн засгийг цогцлоохын төлөө нэг зүгт харсан, нэгдмэл зорилгод хүчээ нэгтгэж зүтгэх нь Та бидний эрхэм журамт үүрэг байх болно.
Улс орныхоо өнөөдрийг зөв дүгнэж, маргаашийн алс хэтийг олж харж, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, зөвхөн улсаа, ард түмнээ бодож зүтгэцгээе” гэсэн. Энэ нь эрхэм гишүүдийг дээрхийг болон нийтийн эрхийг сануулсан явдал хэмээн учир мэдэх хүмүүс “уншсан” байна.
Гэхдээ Ухаахудагийн “Улс төрийн ТУЗ”-ийнхэн хэд хэдэн “хөзөр” атгаад сууж буй тухай ойрын өдрүүдэд олон эх сурвалж дуугарах болов. Мэдээж хэрэг, улс төрийн элдэв акцууд тасрахгүй аж. Тэднээс хамгийн том нь “…Ухаахудагаар оролдох нь улсад аюултай. Олон улсын бирж дээр гарсан учраас арбитрт хандахад л Монгол Улсаа модоо барьтлаа өрөнд орно” гэдэг утга бүхий “түүз” юм байна. Ингэхдээ 17-18 жилийн өмнө Монгол Улсын арбирт ялагдсан кэйсийг ч жишээ болгож яриад эхэлжээ. Энэ талаар хоёр талын экспертүүд тун удахгүй байр суурь, бодит байдлыг нийтэд хэлж өгөх бололтой.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 5 цагийн өмнө
BOOBN XXNO80955877