Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Дүүжин тээврийн төслийн угсаралтын ажлыг гэрээнд заасан хуваарьт ажлын дагуу өнөөдрөөс эхлүүлэхээр болсон билээ.

Тодруулбал, тус төслийн хоёрдугаар шугам болох Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд ТЭЗҮ-ийг баталсан бөгөөд хоёр буудал, 19 тулгуур баганын холбогч анкоруудыг хүлээн аваад байна. Харин хоёр буудлын тоног төхөөрөмжүүд болон Т1-Т8 тулгуур багануудыг дөрөвдүгээр сард хүлээн авна. Мөн дүүжин замын кабинуудыг дөрөвдүгээр сард үйлдвэрлэж эхэлнэ.

Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна. Оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай, тус бүр 10 хүний багтаамжтай нийт 98 кабинтай. Яармаг, Арцатаас-Өнөр хороолол чиглэлд 22 км цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутад хүргэхээр төлөвлөөд байна.

Шугам II: Яармаг, Арцат-Өнөр хороолол

  • Трассын урт: 4.2 км
  • Буудал: 2
  • Тээвэрлэх хурд: 22 км/цаг
  • Зорчих хугацаа: Хоёр буудлын хооронд 11 минут
  • Хүчин чадал: 2320 зорчигч,
  • Багтаамж: 10 хүний багтаамжтай 98 кабинтай
  • Тэсвэрлэх салхины дээд хурд: 70км/цаг

Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөөд буй юм. “Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай.

Энэ тухай тус төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа "Дүүжин тээврийн замын тулгууруудын шон суурийг суурилуулах ажил өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-наас эхэлж байна.

Яармагаас Хархорин чиглэлд явах дүүжин тээвэр нь 19 тулгуур багана, хоёр буудалтай байхаар төлөвлөгдсөн. Эдгээр 19 тулгуур баганаас Туул голын ай сав газарт зургаан тулгуур багана түрүүлж хийгдэнэ. Тодруулбал газар хөлдүү үед буюу Туул гол урсаж эхлэхээс өмнө тулгуур багануудыг суурилуулах ажил эхэлж байна.

Цаашид дүүжин тээврийн замын бүх тулгуур баганын суурийн ажил дууссаны дараа металл хийцлэл болон дээд тулгуурыг угсрах ажил эхэлнэ.

Дүүжин тээврийн барилга угсралтын ажил 2025 оны арванхоёрдугаар сард дуусаж, гурван сарын хугацаанд туршилт, тохируулга хийгдсэний дараа 2026 оны хоёрдугаар улиралд багтаан иргэдэд үйлчлэхээр төлөвлөсөн" гэж мэдээллээ.