Ирэх сард ус, дулааны үнэ нэмэгдэхгүй
6 цагийн өмнө
Өчигдөр /2025.03.12/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн бүх төрлийн үйлчилгээ, татвар хураамжийг нэмэгдүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан.
Тодруулбал,
Олон улсын нөхцөл байдал хүндэрч, худалдааны саад бэрхшээлээс үүдэн үнийн өсөлт, инфляци эрчимжиж байгаатай холбогдуулан
Төрөөс үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамж нэмэхгүй
Орон нутгийн бүх шатны татвар, хураамжийн хувь хэмжээг өсгөхгүй
Иргэдийн амьжиргаанд дарамт учруулахгүй байх бодлогыг тууштай баримталж ажиллах чиглэлийг яам, агентлаг гээд төрийн бүх шатны байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн юм.
Тэгвэл ирэх тавдугаар сарын 16-ны өдрөөс болон намраас нэмэгдүүлэхээр шийдвэрлээд байсан цэвэр ус, дулааны үнийн тариф яах вэ гэдэг асуулт үүсээд байна.
Уг асуудлаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад:
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу дулааны үнийн тарифыг 85 хувиар, цэвэр усны хэрэглээний төлбөрийг нэмэгдүүлэх шийдвэрүүдийг хойшлуулна. Тэгэхээр ирэх сараас хэрэглээний төлбөрт өөрчлөлт орохгүй гэсэн үг. Одоогоор Засгийн газрын тогтоол албажиж ирээгүй байгаа тул ямар хугацаанд хойшлуулах талаар мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.