Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанбурханы  лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байна. 

Уг нөхцөл байдалтай холбогдуулан Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлаж, цахимд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тус захирамжтай холбогдуулан Боловсролын яамнаас мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, "Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар Боловсролын ерөнхий хуулийг хэрэгжүүлэхгүй, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан санал хүргүүлэхгүйгээр хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж, танхимын бус хэлбэрт шилжүүлж холбогдох хууль тогтоомж зөрчсөн" гэжээ.