НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулж, нийт 85.7 хувийн ирцтэйгээр Зөвлөлийн ээлжит хуралдааныг эхлүүллээ.

Хуралдаанаар Сүм хийдийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай, Хорооны хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмэх тухай, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Нийслэлийн газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлт, Төслийн хэрэгжилтийг хангах буюу Дэд станц барих газрыг шийдэх зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцлээ.  

Нийслэлд буддын шашин, христ зэрэг нийт 39 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр газруудын тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Нийслэлийн 9 дүүрэг 204 хороотой бөгөөд нийт 1858 хэсгийн ахлагч ажилладаг байна.

Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200-250 өрх, байшин хороололд 250-300 өрх хариуцаж төрийн бодлого, шийдвэр, нийслэл, дүүргээс зохион байгуулж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шуурхай хүргэх,  төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ингэхдээ сарын 1.000.000 төгрөгийн урамшуулал буюу цалинтай ажилладаг байна. Тэгвэл энэхүү урамшууллыг 1.200.000 төгрөг болгох асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Тухайн асуудалд НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө

 “Хэсгийн ахлагч нар маш ачаалалтай ажилладаг. Нэг хүн хорооны 200, 300 өрхөд хүрч ажиллана гэдэг хэцүү. Тиймээс урамшууллыг нэмэх нь зүйтэй. Гэхдээ хэсгийн ахлагч нарын хариуцаж буй хороог тодорхой хугацаагаар сэлгэж, солих хэрэгтэй. Тэгэхгүй бол олон жил нэг хороондоо ажиллахаар аливаа тусламж, дэмжлэгийг танилын хүрээллээр өгөх, эсвэл улс төрийн зорилготой ажиллах зэрэг сөрөг тал үүсэх эрсдэлтэй” гэсэн саналыг хэллээ.