Монгол Улсын иргэд фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа тэргүүлж байна. Гэвч зүй зохистой хэрэглээ гэж ярьвал дутуу дулимаг. Ганцхан жишээ хэлэхэд, Монгол Улсад 2.5 сая фэйсбүүк хэрэглэгч байгаагаас 1.5 сая нь хуурамч хаягтан юм.

Ялангуяа хавар болохоор тэд жинхэнэ галзуурч эхэлдэг.

Дуулна. Бүжиглэнэ. Жүжиглэнэ. Хараана. Ерөөнө. Хүний хийж болох, болохгүй бүхнийг хийж, заавал нэг сенсаци үүсгэнэ. Сошиалын галзуурлыг үзсээр хаврын туршид ярианы сэдэвтэй л өнгөрдөг.

Саяхан гэхэд хуруу, гараараа дүүрэн алтан бөгж, бугуйвч зүүчихээд “Би ядуу хүн, амьдрал хэцүү байна” гэж хашгирч, уйлж, орилж лайв хийгээд л байсан. Бас нэг нь машинаараа гүүрний хаалтыг мөргөчихөөд хажууд нь зогсоод бүжиглээд л байсан. Шинээр гарч байгаа “Ододтой бүжиглэе”, “Тэнгисийн эрэг” шоунд оролцогчдыг хичнээн сайн, сайхан байсан ч яаж ийж байгаад л шүүмжилнэ. Улс төрд нэг юм болохоо байлаа, нэг дуулиан гарлаа. Шүүмжлээд л байдаг. Бид өөрсдийгөө шүүмжлэгч ард түмэн ч гэж нэг талаар өмөөрдөг.

Гэхдээ энэ байдал хэрээс хэтэрч, хот айл, улс үндэстнээ сүйтгэж ч мэдэх хэмжээнд хүрлээ. Мэдээллийн үнэ цэн, цензур гэж алга. Сошиалд олигтой хязгаарлалт алга. Галзуурагсдад авч байгаа зохицуулалт, хуулийн хариуцлага ч гэж алга.

Тэд улам бүр галзуурсаар. Түүнийг нь дагаж монгол хүний үнэлэмж унасаар. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргисоор. Энэ байдал энэ хавар, дараа жилийн хавар, түүний дараагийн хавар. Хавар ч гэлтгүй Монголын жилийн дөрвөн улирлаа тойрч эргэлдсээр даамжирсаар.

 

Монгол Улс буурай хөгжилтэй орон байхаа болж, ОУБ-аас тусламж авахыг нь зогсоолоо

Монгол таван хүн тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай ч болчихлоо. Саяхан Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5875 ам.долларт хүрснээр Монгол Улс хөгжил буурай орноос урагшилж, олон улсын байгууллагуудаас зээл, тусламж, дэмжлэг авахааргүй ахисан хөгжилд хүрлээ.

Гэтэл улсын хөгжлийг түүчээлэгч хүн амынхаа хөгжлөөр бол ухарч байна. Хүн амын хөгжлийг хойш татаж, Монголдоо ч төдийгүй дэлхий дахинд биднийг сошиалаар “муухай” харагдуулж байгаа галзуурагсад, хуурамч хаягтай улс орныхоо болж бүтээж байгаа ажил бүрийг харлуулж, муулагсдыг хууль журмын дагуу хязгаарлаж, шийтгэх хэрэгтэй байна. 

эх сурвалж: sonin.mn