"Ноорог Креатив студио" ХХК-д холбогдох Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын дүгнэлтийг өнөөдөр танилцууллаа.

Энэ талаар Комиссын гишүүн Г.Нарантуяа "Та бүхэнд мэдээлэл өгөхийн өмнө ХЭҮК энэ асуудал дээр дүгнэлт хийх эрхтэй эсэх дээр товч тайлбар өгье. Монгол Улсын Хүний Эрхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар

"Комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй" гэж байдаг.

Гэхдээ тус хуулийн 2 болон 3 дугаар зүйлд 

2.1.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 

3.1.1."Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс" гэж Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллагыг;

3.1.2."эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх" гэж эрүү шүүлт тулгах болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх хараат бус, бие даасан, цогц үйл ажиллагааг хянан шалгах" бүрэн эрхтэй гэсэн байдаг.

Тийм учраас манай байгууллагаас ялангуяа эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдүүд гэм буруутай эсэх, зүйчлэл зөв эсэх гэх мэт хэрэг, маргааны үндсэн асуудлаар дүгнэлт хийхгүй. Энэ бол хууль хүчний байгууллагын шалгаж, тогтоох ажил.

Гэхдээ эрүү шүүлт, хүнлэг бус харилцаа, халдашгүй чөлөөтэй байх болон хэргээ шударгаар шийдвэрлүүлэх гэсэн гурван эрх бол Монгол Улсын Үндсэн Хууль болон Олон Улсын гэрээгээр баталгаажсан, хүний эрхийн хэм хэмжээний маш чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Тиймээс хэрэгт шууд оролцохгүй боловч хөндлөнгийн хяналтыг байнга явуулж ирснийг тодотгох нь зөв.

Энэ дагуу "Ноорог Креатив студио" ХХК-ийн ажилчидтай холбоотой хэрэг дээр хуулийн байгууллагаас бичгээр тайлбар авч, зарим ажилтнуудтай биечлэн уулзсаны эцэст гурван асуудлаар дүгнэлт гаргасан.

Дүгнэлтээ танилцуулбал

Эхнийх нь Иргэн О.У, Б.Х, А.О, Б.Т, Ё.Т, М.Б, Б.Б, Б.Б зэрэг иргэдийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж байна.

"Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 13-т халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэсэн заалтыг зөрчсөн.

Комисст цугларсан баримтын дагуу дүгнэлтээр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй, ямар хэрэгт холбогдуулан шалгасан нь тодорхойгүй, мэдээлэл зөрүүтэй байна гэж үзэж байна.  

Цагдаагийн байгууллага прокурорын зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүй ажиллагааг явуулах эрхтэй ч зөвхөн онцгой тохиолдолд үндэслэл нь тодорхой үед явуулах ёстой.

Ямар гэмт хэрэгт холбогдож байгаагаа иргэн мэдэхгүй байх нь түгших, сэтгэл санааны хүнд нөхцөлд орох болон өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрх нь зөрчигдөх юм.

Аливаа гэмт хэрэгт холбогдуулан шалгах, баривчлах, үзлэг, нэгжлэг хийх зэрэг хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлах нь хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Ялангуяа хойшлуулшгүй ажиллагааны үндэслэл маш тодорхой байх шаардлагатай. 

Хоёрдугаарт дээрх иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан байна гэж дүгнэлээ. 

Тус компани болон ажилчид нь цахим орчинд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Ихэвчлэн ялгаварлан гадуурхалт, хүний эрх, хүүхэд хамгаалал, орчны хүртээмжтэй байдлыг олонд таниулах зорилгоор контент бэлтгэж, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг.

Бодитой, ямар нэг салаа утгагүй мэдээлэл авах нь Монгол Улсын иргэн бүрийн эрх. Тэгвэл хууль хүчний байгууллагын ээлж дараалсан мэдэгдэл нь энэ эрхийг хангаагүй гэж үзэж байна" гэв.