Монголын нийгэмд өнөөдөр эрх зүйн боловсрол асар их дутагдаж байна гэж хуульчид ярьж байна. Үүний нэг шалтгаан нь өнөөдөр жирийн ард иргэд хууль, эрх зүйн боловсрол багатай байгаатай холбоотой юм. Тэгвэл үүнийг яаж засаж залруулах вэ гэдэг асуудал урган гарч ирнэ.

 

Үүнийг засаж залруулахын тулд хамгийн эхлээд боловсролын системд томоохон өөрчлөлт хийх шаардлагатай юм. Учир нь хууль эрх зүйн мэдлэгийг хүн бүрд тэгш хүртээмжтэй хүргэж, тэднийг эрх зүйн цогц мэдлэгтэй болгохгүй бол энэ нь эргээд алс ирээдүйд монголын нийгэмд маш их гай гамшиг тарина.

 

Тэгсний дараа нийт ард иргэд нь хууль эрх зүйн мэдлэгтэй болж, тэгснээрээ Монгол Улсын хөгжил дэвшил илүү гэрэл гэгээтэй болох боломжтой болно. Харамсалтай нь энэ асуудал өнөөдрийг хүртэл манай улсад бүрэн орхигдож ирсэн гэж хэлж болно. Өнөөдөр манай улсын иргэдийн дийлэнх хэсэг нь УИХ-аас баталж байгаа хууль эрх зүйн баримт бичгийн талаар маш бага ойлголттой байдаг. Гэтэл өнөөдөр дэлхий ертөнц тэр чигээрээ хууль эрх зүйгээр хамаг амьдарлаа зохицуулж байна. Харин манайд бол хууль, эрх зүй гэхээсээ лам, бөө, хар ухаандаа гол төлөв найддаг.

 

Хамгийн наад зах нь гэхэд жирийн иргэнийг цагдаа дуудлаа гэхэд тэр хүн өөрийгөө өмөөрч хамгаалах ямар ч ойлголтгүй байдаг. Мөн цааш нь дэлгэрүүлээд яривал иргэд олон нийтэд эрүүгийн болон захиргааны эрх зүйн мэдлэг бараг байдаггүй.

 

Үүний гол шалтгаан нь Монгол Улсын төр засаг өнөөдөр ямар нэгэн хууль батлаад түүнийгээ ард түмэндээ таниулан сурталчлах ажлыг маш бага хийдэгтэй холбоотой юм. Гэтэл жирийн иргэд төр засгаас баталж буй тэр олон хууль, эрх зүйн баримт бичгүүдийг нэр бүрчлэн уншиж танилцаад явах боломж бололцоо тун бага байдаг.

 

Нийслэлийн иргэдийн хувьд байдал ийм байхад хөдөөгийн иргэдийн хувьд бол бүр ярилтгүй. Хэдэн жилийн өмнө малын хулгайн гэмт хэрэгт холбогдсон нэгэн иргэн “өнчин ишиг хулгайлсан ч ялд унана” гэсэн хууль байдгийг сонсоод маш их цочирдож байв.

 

Энэ бол өнөөгийн манай нийгэмд байгаа бодит байдал. Ийм жишээ баримтуудыг цааш нь үргэлжлүүлэн дурдвал маш их зүйл хэлж болно. Тэр үүднээсээ өнөөдөр иргэд олон нийт хууль эрх зүйн мэдлэг багатайгаасаа болж, нийгэмд асар их хохирч байгааг энд зориуд цохож хэлье. Энэ утгаараа төрийн эрх барих дээд байгууллага УИХ өчнөөн хууль батлаад түүнийг нь ард иргэд нь ерөөсөө ойлгохгүй бол төр засаг ард түмний хооронд ямар ч амьд харилцаа холбоо үүсэхгүй нь ойлгомжтой. Тийм болохоор эрх баригчдад хандаж хэлэхэд энэ асуудлыг яаралтай анхааралдаа авч, ард иргэддээ хууль эрх зүйн боловсролыг сайтар олгох нь чухал байна.

 

 

Ж.Батдорж