“…“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна” гэсэн мэдээллийг 2024 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Олон улсын санхүүгийн мэдээллийн томоохон агентлагуудын нэг “Ройтерс” цацаж байв.

 

Жаахан дэлгэрүүлбэл, “…“Трафигура” компанийн алдсан 1.1 тэрбум долларын 600 саяыг авснаа “Лекс ойл” зөвшөөрсөн. Тиймээс тус групп Монголд шатахууны луйврын хэргээр алга болсон 500 сая ам.долларыг хайж байна” гэж олон улсад мэдээлсэн.

 

Тэгвэл “Ройтерс” агентлаг уржигдар дээрхтэй холбоотой ноцтой мэдээллийг дахин түгээжээ. Тэд “…“Трафигура”-гийн Монгол дахь захирал Э.Жононбаяр нагац эгчийнхээ компанид давуу эрх олгож, 500 гаруй сая ам.долларыг шилжүүлжээ” гэж мэдээлсэн байна. Энэ талаарх нийтлэлд бичихдээ, “Трафигура” компанийг Монгол дахь салбар нь 1.1 тэрбум ам.долларын алдагдалд оруулж, тэндэх захирал Э.Жононбаярыг ажлаас нь түдгэлзүүлээд байсан юм. Гэтэл тэрээр уг мөнгөнөөс 500 гаруй сая ам.долларыг нагац эгчийнхээ компанид шилжүүлжээ. “Лекс ойл” нэртэй тус компани нь “Трафигура”-гийн түнш байсан. Эх сурвалжийн мэдээллээр, эдгээр нь баримтаар нотлогдсон. Энэ нь дэлхийд томоохон тоглогч болсон “Трафигура”-гийн хяналт сул байдаг гэх эргэлзээ төрүүлж болзошгүй болоод байна. Мөн түншүүд нь ийм луйврын хохирлын хэмжээ өсөх вий гэж болгоомжилж байгааг дурджээ.

 

Болсон үйл явдлын талаар тодруулахыг оролдож хандсан тус агентлагт Э.Жононбаяр, “Лекс ойл” компани болон хуульчид нь ямар нэг хариу өгөөгүй байгаа талаар мэдээлжээ.

 

Ер нь бол, 2024 оны аравдугаар сарын сүүлчээс эхлээд дэлхийд нэртэй, санхүүгийн, эрэн сурвалжлах мэдээллийн агентлагууд “…Монгол дахь салбарынхаа луйврын хэргийн улмаас “Трафигура” компани 1.1 тэрбум ам.долларын хохирол амсахаар боллоо” гэсэн мэдээллийг цацаад эхэлсэн. “Трафигура” компанийн Сингапур дахь төвөөс ч өөрийн албан ёсны цахим хуудсаар ч “…“Трафигура”-гийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүний бизнесийн тухай” гэж байгаад мэдэгдэл гаргаж байв. Түүндээ “…Компанийн дотоод хяналт шалгалтын дараа хөндлөнгийн хяналт бүхий шалгалтын явцад “Трафигура”-гийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх бизнест хувь хүмүүс ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Ингэхдээ, бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, “Трафигура” компанийн тогтоосноос хэтрүүлсэн мөнгийг төлж, хугацаа хэтэрсэн өрийг зориудаар нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Энэ нь Монголын нэр бүхий түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээг үүсгэсэн байна” гэж байв. Мөн энэ талаар тухайн үед “Трацигура”-гийн гүйцэтгэх захирал Жереми Уэйр “…Бид Монгол дахь компани маань нефтийн бизнест зүй бус үйлдэл гаргасанд маш их сэтгэл дундуур байна. “Трафигура” ийм буруутай үйлдэл хийх зарчим ёс суртахуун байхгүй. Харин энэ тохиолдолд бид алдаа гаргасан цөөн тооны хүмүүст холбогдох сахилгын арга хэмжээг авч байна. Нарийвчилсан дүгнэлт хийсний дараа энэ асуудал нь Монгол дахь бие даасан үйл ажиллагаанаас тусдаа асуудал гэдэг нь тодорхой болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

 

Үүнээс сар орчмын дараа “…“Лекс ойл” компани нь “Трафигура”-гийн Монголд алдсан 1.1. тэрбум ам.долларын талаас илүүтэй нь холбогдож, тус группын ажилтнууд үлдсэн 500 сая ам.доларынхаа эрэлд гарсан талаар нууц эх сурвалжууд мэдээллээ” хэмээн дэлхийн мэдээллийн томоохон агентлагуудад мэдээлсэн байдаг.

 

“Ройтерс” агентлагийнхан энэ асуудлын талаар тодруулахаар Монгол Улсын Засгийн газар, “Лекс ойл” компанид хандсан боловч аль аль нь ямар нэг хариу өгөөгүй юм байна. Ийм байдлаар “Трафигура” компани Монголд 1.1 тэрбум алдсан тухай бараг хагас жилийн турш дэлхийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ талаарх мэдээллийг дамжуулж, мөн зарим задлан шинжилгээтэйгээр нийтэлж мэдээлсэн. Тэгвэл энэхүү 1.1 тэрбм ам.долларыг “алга болгосон” гэх Э.Жононбаяр нь ийм мэдээлэл бэлтгэж хүргэсэн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “гомдож”, шүүх цагдаад өгчээ. Түүний энэ үйлдэл ойлгомжгүй бөгөөд Монгол Улсын хуулиудын хаагуур нь гарч, өөрийнхөө гомдлыг хуулиар хүлээн зөвшөөрүүлэх гээд байгаа нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Э.Жононбаярыг дэлхийн хэвлэлүүд бичдэг, Э.Жононбаяр Монголын хэвлэлүүдэд “гомддог” байдал бий болоод байна. Тэгээд ч Э.Жононбаярыг монголчууд дэлхийн мэдээллийн том агентлагууд хийгээд “Трафигура” компаниас 2024 оны аравдугаар сард мэдэгдэл хийхээс хамаагүй өмнө мэддэг болчихсон байв. Э.Жононбаяр нь 2012 оноос хойш “Трафигура”-гийн Монгол дахь захирлаар ажилласан гэдэг. Гэхдээ 2018 оноос Монголд хүч, нөлөөтэй болж байгаа талаарх яриа, мэдээ өргөжиж эхэлсэн. Тэр хэрээр хууль бус үйлдлүүд, тэр дундаа Монгол Улсын хуулиар хориотой оффшортой ч холбогдоод амжсан. Өнгөрсөн хугацаанд энэ талаар маш олон баримт мэдээллүүд хэвлэлүүдээр нийтлэгдсэн дээ.

 

Хамгийн гол нь, Э.Жононбаярын “…“Трафигура”-даа 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулж, түүнийхээ 500 гаруй саяыг нагац эгчийнхээ компани руу шилжүүлсэн” гэх энэ асуудал нь Монгол Улсад асар хортой тусахаар байгаа юм.

 

Дэлхийн геополитик, эдийн засгийн савлагаатай байгаа энэ цаг үед улс орон бүр “...Савуулчихалгүй, яаж тэсэж гарах вэ” гэдгээ бодоцгоож байна. Хэдэн жилийн өмнөөс ковид, тэгээд Орос Украйны дайны сүүдэрт бид багагүй жихүүцсэн. Одоо Трампын тарифын бодлогоос үүдэлтэй хүндрэлтэй эхнээсээ тулаад байна. Нүүрсний экспортоос эхлээд цаашид манай зах зээл цохилт авах эрсдэл нэлээд бий. Тиймээс “...Гадаадын хөрөнгө оруулалтыг салбар бүр дээр “солонгоруулан” татах бодлогыг төр, засгийн зүгээс барьж байна” гэж ойлгогдсон. Ийм нөхцөлд Монголд хийсэн хөрөнгө оруулалтаас 1.1 тэрбум ам.доллар нь сураггүй алга болсон. Эцэстээ, хариуцсан ажилтан нь тэр мөнгөний талыг эгчийнхээ компани руу шилжүүллээ” гэхээр яаж аятайхан сонсогдох билээ дээ. Монголыг сонирхож байсан хөрөнгө оруулагчид ирэх биш зугтана биз дээ. Дээрээс нь, ийм асуудал үүсээд байхад Монголын төр засаг өнөөдрийг хүртэл ам ангайхгүй байгаа нь анхаарал татаж байна.

 

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин