Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан НОБГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэв.

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар:

-Нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр ихсэх хандлагатай байна. Он гарсаар энэ төрлийн 767 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Иргэн аж ахуйн нэгж байгууллагын 88.8 тэрбумын өмч хөрөнгийг авран хамгаалсан. Гал түймрийн улмаас дөрвөн том хүн, гурван хүүхэд 7 хүний амь нас эрсэдсэн. Гал түймрийн шалтгаан нөхцөлийг судалж үзвэл 45 хувь нь ил галаас, 29 хувь нь цахилгаан ашиглалтын угсралт буруу, 17.6 хувь нь яндангийн цонолтоос болж тус тус гарсан байна.

Гал түймрийн дуудлага мэдээллийг авч үзвэл,

  • гэр хороололд буюу амины орон сууцанд 244 удаа буюу 31.8 хувь,
  • монгол гэр 44 буюу 5.7 хувь,
  • нийтийн орон сууц 47 буюу нийт гал түймрийн 6.1 хувь,
  • тээврийн хэрэгсэл 5.9 хувийг эзэлсэн байна.

Гарсан гал түймрийн дуудлага мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.6 хувиар өссөн байна. Он гарсаар 90 удаагийн шар өвсний түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 11.7 хувиар өсжээ. Сүүлийн 72 цагийн дотор нийслэлийн хэмжээнд 55 удаагийн гал түймэр бүртгэгдсэн. Үүний 25 нь шар өвсний гал түймэр эзэлж байна. Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотой иргэдэд сэрэмжлүүлэг өгөх зорилгоор эргүүл шалгалтыг эрчимжүүлнэ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, тээврийн цагдаагийн алба хамтран хөдөлгөөнт эргүүлийг 5 дүүргийн 31 чиглэлд өнөөдрийн байдлаар 5 автомашинтай 28 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна гэв.