Сэлбэ дэд төвийн тендер Монгол компани яасан ч шалгарч чадахааргүй нөхцөлөөр зарлагдсан. 5,000 компани нийлээд ч чадсангүй
5 цагийн өмнө
Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шалгаруулалтад монгол аж ахуй нэгжүүдийг оролцох боломжгүй болгосон ноцтой асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийж, төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудал бүхий намын бүлгүүдэд шаардлага хүргүүллээ.
Сэлбэ дэд төвийн 2,300 хүн ам байрлах орон сууцны хорооллын тендерийг бүхэл дүнгээр нэг дор зарласан нь Ковид-19-оос хойш санхүүгийн хямралд өртсөн монгол компаниудад яасан ч шалгарч чадахааргүй нөхцөлийг үүсгэсэн байна. Учир нь тус тендерийн санхүүгийн шалгуурт сүүлийн таван жилийн аль нэг жилийнх нь борлуулалтын орлого 136 тэрбум төгрөгөөс багагүй байх гэж заасан байна. Үүнийг нэг дор биш 10 хувааж, эсвэл нэг нэгээр нь зарлавал олон монгол компани ажилтай, орлоготой болж болно. Төр бизнесээ дэмжээд татвараа авч улсын төсвөө нэмэгдүүлээд явах ёстой гэдгийг барилгын компанийн төлөөллүүд онцлов.
Тендер авч улсын төсвийн ажил хийдэг 2,000 компани, орон сууц барьдаг 1,000 гаран компани байна. Нийт Сэлбэ дэд төвийн энгийн хийцлэлтэй барилгыг барих чадамж бүхий тусгай зөвшөөрөлтэй 5,000 компани байна. Бүгдээрээ нийлээд ч авч чадсангүй.
Нийслэлийн иргэдийн татварын орлогыг барьцаалж 500 сая долларын бонд босгосон. Энэ бол буцааж төлөх өр шүү дээ. Энэ мөнгө тус тендерт шалгарсан 15 Хятад компаниар дамжаад монголоос гарах нь ээ гэв.
Шаардлагыг товч хүргэвэл "...Гэр хорооллыг барилгажуулах төсөлд Монгол компаниуд оролцох туйлын их хүсэлтэй байсан ба олон компаниуд нэгдэж боломж хайсан боловч санхүүгийн шалгуурыг давж чадсангүй. Тухайн төслийн шалгуур үзүүлэлт монгол компаниудад зориулагдаагүй, монгол ААН-үүдийг анхнаасаа оруулахгүй байх бичиг баримт боловсруулсан мэт харагдаж байна.
Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн орон сууцны хорооллын тендер нь хоёр багц бөгөөд нийтдээ 827 тэрбум 1.5 сая 600 мянган төгрөгийг монгол компаниуд гүйцэтгэх боломж алдагдаж байна.
Тендерийг зарлахдаа бүхэл том дүнгээр биш 40-50 тэрбум төгрөгт хуваан хэсэгчлэн зарласан тохиолдолд дотоодын компаниуд өргөнөөр оролцох боломжийг нээж өгөх байсан. Тус төслийн барилга байгууламж нь энгийн хийц бүхий 9 болон 12 давхар барилга байгууламж бөгөөд дотоодын компаниуд гүйцэтгэх бүрэн чадамжтай болохыг мэдэгдэж байна.
Дотоодын компаниуд гүйцэтгэсэн тохиолдолд маш олон компаниуд санхүүгийн хувьд чадавхжих, олон тооны монгол ажилчид цалин, орлоготой болж барилгачдын амь амьжиргаа, орлого нэмэгдэх, ур чадвар нь өсөн нэмэгдэх олон талын ач холбогдол байна... Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан энэхүү тендер сонгон шалгаруулалтад анхаарал хандуулж, тухайн тендер болон цаашид зарлагдах томоохон тендер сонгон шалгаруулалтад үндэсний компаниуд, монгол барилгачдаа ажилтай, орлоготой байлгахад анхаарах шаардлагыг хүргүүлж байна.." гэжээ.
Зочин · 5 цагийн өмнө
SEKSDN80955877