Монгол Улсын иргэд БНСУ-ын хил гааль дээрээс хэрхэн зорчих эрхээ хууль бусаар хязгаарлуулан нутаг буцаж байгаа явдалд хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа анхаарал хандуулж, олон иргэдэд сүүлийн зургаан сарын турш стратегийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа талаар бид өмнө нь ярилцаж байсан билээ.

Тэгвэл өмгөөлөгч Р.Булгамаа үүссэн бэрхшээлд ямар өөрчлөлт орж байгаа талаар өчигдөр дараах мэдээллийг өглөө. 

-БНСУ-ын визтэй холбоотой Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар Стратегийн өмгөөлөл үзүүлж, тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ хийгээд холбогдох байгууллагуудад 6 сарын туршид үе шаттай хандсаны дагуу зохих үр дүнд хүрчээ. Өнөөдөр БНСУ-ын Үндэсний Ассемблейн дарга энэ асуудалд анхаарч ажиллахаа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд илэрхийлсэн байна. Маргааш буюу 2025.04.29-нд Хил дээрх нөхцөл байдал, саатуулах байрны бодит байдалтай танилцахаар Монгол, БНСУ-ын Парламентын бүлгийн дэд дарга БНСУ руу нисэж байна. 

Мөн БНСУ-ын ЭСЯ-наас Виз олголтын хугацаа 15-20 хоног болон багасаж, визийн хураамж төлж байгаа иргэдэд Ебаримт өгч эхэлсэн гэдгээ мэдэгдлээ.

Татварын ерөнхий газарт гаргасан гомдлын мөрөөр албаны хүмүүстэй уулзахад OpenData-д бүртгэлгүй аж ахуйн нэгж ч үйл ажиллагаа явуулж байсан талаарх мэдээллийг авлаа. Татварын шалгалт дууссаны дараа олон нийтэд албан ёсоор мэдээлэл хийж, иргэн миний гомдлын хариуг албан ёсоор бичгээр өгөх юм байна. Иргэн миний хувьд тултал явлаа.

Цаашид иргэдийн эрх зөрчигдөж байгаа бусад асуудлын хүрээнд Гадаад харилцааны яамыг анхаарч ажиллана гэдэгт найдаж байна.