Г.Гантуяа: Математикийн хичээлийн элсэлтийн шалгалтыг цахим хуудаст байршуулсан 1,000 бодлогоос сонгож авна
14 цагийн өмнө
Математикийн хичээлийн элсэлтийн шалгалтын нээлттэй даалгаврыг Боловсролын Үнэлгээний Төвийн цахим хуудаст байршуулжээ.
Энэ тухай тус төвийн захирал Г.Гантуяа "Элсэлтийн шалгалт-2025-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ. Энэ удаагийн элсэлтийн шалгалтыг эдгээр 1,000 нээлттэй даалгавраас сонгож авна.
Нээлттэй даалгавраас блюпринтийн дагуу шууд сонгож буй нь анхны тохиолдол бөгөөд эдгээр мянган бодлогыг бодсон байхад сурагчид математикт шаардлагатай мэдлэг, чадвараа олж авах боломж бүрэн нээгдэнэ.
Энэ нь зөвхөн математикийн хичээл дээр хийгдэж эхэлсэн бөгөөд цаашид бусад хичээлүүд дээр даалгаврыг нээлттэй болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Нээлттэй даалгаврын системийн шинэ хувилбарыг боловсруулан нэвтрүүлснээр даалгавар боловсруулах ажил олон нийтэд нээлттэй болж, шаардлага хангасан тохиолдолд хэнээс ч даалгаврыг хүлээн авах боломж нээгдэж байна.
Өмнө нь даалгавар боловсруулахдаа цөөн тооны багш нарыг сонгон вакумжуулж ажилладаг байсныг ийнхүү өөрчиллөө. Шаардлага хангасан даалгавруудыг мэдээлэл дамжуулах технологийн шинэ шийдлийн дагуу сургалтын байгууллага болон сургуулийн удирдлагын системд нийлүүлнэ" гэж мэдээллээ.
"Элсэлтийн шалгалт-2025"-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврыг https://eec.mn цахим хуудаснаас авах боломжтой байна.