Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй гэх эмэгтэйн цахим сүлжээнд нийтэлсэн зургууд хоёр долоо хоногийн өмнөөс олон нийтийн анхаарлын төвд орсон.

Тус асуудлыг шалгуулахаар иргэн Ц.Лут-Очир, Ш.Оюунбат нар Авлигатай Тэмцэх Газарт энэ сарын 13-нд хандсан билээ. Үүнтэй холбогдуулан тус шалгалт ямар шатандаа явж байгаа  талаар АТГ-аас тодрууллаа. 

АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч "Нэр бүхий иргэдийн гаргасан гомдлын дагуу хяналт шалгалтын ажил явагдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт АТГ-ын зүгээс Ерөнхий сайдын хүүг дуудаж тайлбар, мэдүүлэг авсан. Мөн гомдолд нэр дурдагдсан хүмүүсээс тайлбар авч, холбогдох санхүүгийн баримтуудыг гаргуулж авсан. 

Бид тус баримтуудад үндэслэж шийдвэр гаргахгүй, өөрсдөөсөө шалтгаалах шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн өгсөн тайлбарын талаар мэдээлэх боломжгүй.

О.Тэмүүлэн бол хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй албан тушаалтан биш. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Мэдээж хэрэг хүү нь хамаарал бүхий этгээд учраас хөрөнгө орлогыг нь шалгах шаардлага гарна. 

Энэ асуудлыг 30 хоногийн хугацаанд шалгана. Шаардлагатай гэж үзвэл дахин 30 хоногоор сунгаж болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс мэдүүлэг авсан талаар одоохондоо мэдээлэлгүй байна" гэж ярилаа.