Монгол улсын стратегийн гэх тодотголтой цөмийн энергийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том компани бол Францын төрийн өмчит “Арева” группын салбар “Арева Монгол” юм. Уг компанийн охин компани болох “Кожеговь” нь Дорноговь аймгийн нутгаас ураны 57000 тонны нөөцтэй Зөөвч Овоо, 6000 тонны нөөцтэй Дулаан Уул ордыг илрүүлээд байгаа билээ. Энэ нь нөөцөөрөө дэлхийн 20 жи­лийн ураны нөөцийг хан­га­х хэмжээний томоохон орд.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт уран олборлож байгаа "Арева Монгол" компанийн буруутай үйл ажиллагаанаас болж ургийн гажигтай төл олон гарч байгаа талаар иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийдэг. Олон мэдээ, нэвтрүүлэг энэ талаар гардаг ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадахгүй л байгаа. Тус компанийнхан  малчдад ташаа мэдээлэл удаа дараа хийснээс үүдэн төслийн ажилд саад болж байна хэмээн үзэж буйгаа илэрхийлээд авсан.

                        

Тэгвэл цөмийн салбарт үйл ажиллагаа явуулагч "Арева" компанийн үйл ажиллагаанд Францын төрөөс аудит шалгалт хийжээ. Уг шалгалтын дараа тус компани ихээхэн шүүмжлэлд өртжээ.

Финлянд улсын Цацраг ба Цөмийн Аюулгүй Байдлыг Хариуцсан Агентлаг (СТУК)-аас тус улсын баруун хязгаарт барьж буй Олкилуто -3 АЦС-ын аюулгүйн байдалтай холбоотой баримт бичгүүдийг Арева компани бүрэн хүлээлгэж өгөөгүй хэмээн мэдэгдсэн байна.

Тус реакторын барилгын ажил олон жилээр хойшилсон төдийгүй өнөөдөр ч зогссон хэвээр байгаад барилгын ажлыг хариуцагч Арева компани болон тус АЦС-ын эзэмшигч компани харилцан бие биенээ буруутгасаар байгаа аж.

Аудит шалгалтын дүн болох 122 хуудас тайланг албан ёсоор олны хүртээл болгоогүй хэдий ч санхүү эдийн засгийн асуудлаар бичдэг Францын өдөр тутмын Les Échos сонинд тус тайлангаас иш татав. Тухайлбал, Арева компанийн үйл ажиллагаан дахь томоохон алдаа дутагдлууд, олон тэрбум еврогоор тоологдох санхүүгийн алдагдал, болон Арева компани олон нийтэд худал мэдээлэл түгээж байсан тухай нарийн ширийн баримтуудыг тус сонинд дэлгэжээ.

Аудитын тайлангийн нилээдгүй хэсгийг Финляндын баруун хязгаарт барьж буй Олкилуто-3 АЦС-ын барилгын ажлын ахиц дэвшлийн тухай өгүүлжээ. Финляндад АЦС барих компанийг сонгон шалгаруулалтанд Франц-Германы хамтарсан Арева-Сименс компанийн нэрээр орсон Арева компани 2003 онд түрүүлсэн байдаг.

Олкилуто АЦС-ыг барих төслийг авахыг тулд Арева яахаас ч буцахгүй байдалтай байсан тул төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай удирдах ажилтан хүрэлцээгүй зэргийг нуужээ. Арева компани нь урьд нь цөмийн реактор байгуулж, татан буулгаж байсан туршлагатай боловч ийм төслийг эхнээс нь эцсийг нь хүртэл гардан гүйцэтгэж, зохион байгуулж байсан удаагүй ажээ. Урьд нь тэр ажлыг Францын томоохон гэрээт гүйцэтгэгч болох EDF Group (Électricité de France) хийдэг байсан гэж Les Échos сонины ерөнхий редактор Паскаль Погам Финляндын ТВ-ийн А-студио мэдээний нэвтрүүлэгт ярилцлагандаа дурьджээ.

Олкилуто АЦС-ын эзэмшигч ба гардан ажиллуулагч Финляндын эрчим хүчний ТВО консорциум зэрэг талуудын мэдэгдлээс үзүэхэд Арева компани нь тохирсон хугацаанд цөмийн реактор байгуулах боломжтой хэмээн худал мэдэгдсэн байна.

Олкилуто АЦС-ын гэрээг байгуулж байх үед Арева болон тухайн үед Ареватай хамтарч байсан Герман Сименс компанийнхан энэ төслийг эхнээс нь дуустал хийх дадлага туршлагатай хэмээн ТВО компанид баталж байсaн. Сүүлд бодохнээ Сименс Арева компаниуд энэ төслийг авахын тулд алдаа дутадлаа нууж далдалж байж гэж Погам ярьжээ.

-Санхүүгийн алдагдал-

Гэвч хүсэн хүлээж байсан Олкилуто төсөл нь Аревагийн хувьд тоолж баршгүй их алдагдлын эх сурвалж болж хувирчээ. Анх тохирсон хугацаанаас 7 жилээр хоцорсон энэ төсөл Ареваг бараг 3.5 тэрбум еврогийн алдагдалд оруулжээ.

Францын төрийн аудит шалгалтаар Арева компанийг Олкилуто төслийг гүйцэтгэхэд шаардлагатай өртөг зардал, цаг хугацааг нарийвчлан тооцож чадаагүй хэмээн дүгнэсэн байна.

“Ареваг ганцааранг нь буруутгахад ч хэцүү юм, одоо Арева ТВО болон СТУК-тэй ямар ч үр дүнгүй маргаан хийж байна.Төслийн оролцогч талууд хоорондоо учраа ойлголцохоо нэгэнт больсон. Энэ маргаанд шийдэл байхгүй учир төслийн ирээдүй ч тодорхойгүй боллоо. Одоо Арева болон ТВО компаниуд зөвхөн хуульчдаараа дамжуулан харьцаж байгаа. Ингэлээ гээд тус болсон зүйлгүй, энэ төсөл хэзээ ямар өртөг зардалтайгаар дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй. Аудитын тайлангаас үзэхэд энэ тодорхойгүй нөхцөл байдал хяналтаас гарч, эцсийн өртөг зардал нь асар их нэмэгдэх бололтой. Гэхдээ би энэ бүхэнд дан ганц Ареваг буруутгахгүй. Оролцогч талууд ч бас буруутай мөртлөө бие биенээ чичилж байна” гэж Погам ярьжээ.

 -Арбитрын шүүхийн тэмцэл-

Сүүлийн хэдэн жилд Арева болон ТВО компаниуд Олон Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн дэргэдэх арбитрт бие биенийгээ өрсөн мэдүүлсээр байгаа бөгөөд аль аль тал нь барилгын ажил удааширч, төлбөр тооцоо хийгдээгүй гэдэг шалтгаанаар асар өндөр нөхөн төлбөр нэхэмжилж байгаа аж.

Өнгөрсөн оны 10 сард Арева компани ТВО-с дахин 700 сая евроо нэхэмжилснээр цөмийн реакторын гэрээг хүчингүй болгосны хариу нэхэмжлэл нь нийтдээ 2.6 тэрбум евро хүрчээ. Хариуд нь ТВО компани барилгын ажлыг удаашруулсан хэмээн Аревагаас 1.8 тэрбум евро нэхэмжилжээ.

Хамгийн өөдрөгөөр тооцоход Олкилуто реактор ирэх оны эхээс нааш ажилд орохгүй бололтой. Өөрөөр хэлвэл, анхлан төлөвлөсөн 2009 оноос олон жилээр хоцорчээ. Харин ТВО компанийнхан Олкилуто-3 АЦС-ыг ажиллуулахад дахиад нэг жил шаардлагaтай бөгөөд 2016 хүртэл ажилд орохгүй гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: http://yle.fi/