2025 оны 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг түүхэн дээд амжилт үзүүлж, мөнгөн медаль хүртсэн нь зөвхөн спортын ялалт бус, үндэстний бахархлын том илэрхийлэл болж үлдлээ.

Ердөө хоёр жилийн өмнө энэ баг дэлхийн аваргын чансаанд 20 багаас 18-д бичигдэж байсан бол өнөөдөр дэлхийн аваргуудыг дараалан буулган авч, дэлхийн дэд аварга болтлоо хүчирхэгжсэн нь Монголын спортын хөгжлийн тод гэрэл болон гялалзаж байна. Энэ бол хувь хүний авьяас чадвар, багийн эв нэгдэл, дасгалжуулагчийн бодлого, төрийн дэмжлэг, ард түмний итгэлийн нийлбэр.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ түүхэн ялалтын дараа тэдэнд хандан: "Монголын төр, ард түмэн, Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна... Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна"

хэмээн онцлон хэлсэн нь энэхүү амжилт зөвхөн спортын тэмцээний үр дүн биш, үндэстний нэгдэл, эв нэгдлийн бэлгэдэл болохыг батлан харуулсан үг байлаа.

 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд Монгол Улсын Гавьяат Тамирчин цол хүртээхээр шийдвэрлэж буй гэнэ. Энэ бол зөвхөн шагнал бус, улс орон ард түмэн нь тэдний хөдөлмөрийг үнэлж, түүхэнд үлдээж буйг илэрхийлэх төрийн дээд үнэлгээ юм.

 

Энэ бол зөвхөн нэг багийн амжилтыг биш, эмэгтэйчүүдийн оролцоог, тэдний хүч, ухаан, тэсвэр тэвчээрийг үнэлсэн төрийн том мессеж, залуусын спортын замналд итгэл, үлгэр дуурайлал өгөх хөшүүрэг. Улс төрийн болон нийгмийн салбарт эмэгтэй манлайллыг улам тодотгож буй дэмжлэг болно.

Энэ гавьяа бол зөвхөн сагсан бөмбөгийн талбайн амжилт биш. Энэ бол дэлхийн тавцанд Монгол эмэгтэйчүүд ямар хүчирхэг, эвтэй, ухаалаг, бахархмаар байж чаддагийг зарлан тунхагласан түүхийн агшин юм.

 
Монголын охид эх орныхоо нэрийг дэлхийд өргөж, төрийн соёмбот далбааг аваргуудын дэргэд мандуулж чадсан энэ торгон мөч бол үе үеийнхэнд урам зориг, итгэл найдварын гал бадраасан түүхэн үйл явдал юм.

 

 

Тиймээс ч Ерөнхийлөгчийн зүгээс тэднийг төрийн дээд шагналаар шагнах нь зөвхөн одоогийн гавьяаг үнэлсэн хэрэг бус, ирээдүйд дэлхийд мандуулах олон залуусын замыг гэрэлтүүлж буй үнэт түүх болон үлдэнэ.

Монголын төр, ард түмэн энэ гайхамшигт ялалтыг хэзээ ч мартахгүй. Монгол охидын ялалт бол Монгол үндэстний итгэлийг сэрээсэн түүхэн ялалт юм.

С.Сарнай

sonin.mn