Оросын Холбооны Улс(ОХУ) дотоод зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээ тогтворжуулах зорилгоор бензин шатахууны экспортод бүрэн хориг тавьж байгаагаа тус улсын эрх баригчид өчигдөр буюу Даваа гарагт зарласныг "The Moscow Times" мэдээлсэн.

Уг мэдээг манай редакц орчуулсан нийтэлсний дараагаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас холбогдож, өөрсдийн тайлбарыг өглөө.

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай "Хориг тавина гэдгээ Засгийн газрын мэдээллийн сайтдаа өнгөрсөн долоо хоногт байршуулсан. Гэхдээ хориг тавилаа гэсэн албан ёсны шийдвэрээ зарлаагүй байгаа. Иймд хориг тавьчихсан гэх нь буруу. 

Нэгдүгээрт албан ёсны шийдвэр нь гараагүй байна. 

Хоёрдугаарт ОХУ дотооддоо евро-5 ба түүнээс дээш стандартын шатахуун хэрэглэдэг. Манай улсын авдаг евро 2, 3, 4-ийг ОХУ дотооддоо хэрэглэдэггүй. Монгол Улс сардаа 60,000 орчим тонн шатахуун хэрэглэдэг бөгөөд 90 хувь нь евро-3 стандартын бүтээгдэхүүн. Өмнө нь буюу энэ оны гуравдугаар сард шатахууны хориг тавигдаж байсан. Тухайн үед Монгол Улс хоригт ороогүй. 

Гуравдугаарт Монгол Улс, ОХУ хоёр улс Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах хэлэлцээр өнгөрсөн оны есдүгээр сард байгуулагдсан. Уг хэлэлцээрийн дагуу газрын тосны бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлнэ" гэв.