Б.Хандсүрэн: Эцэг эхчүүд “Миний хүүхдийг нүднээс далд яаж байгаа бол” гэсэн хардалттай байдаг
3 цагийн өмнө
Бага ангийн багш Б.Хандсүрэнтэй эцэг эхчүүдийн гаргадаг сөрөг хандлагын талаар ярилцлаа.
-Эцэг эхчүүдийн багштай харилцах хандлага ямар байдаг вэ?
-Багшийг бараг хүндлэхээ больсон шүү дээ. Багш бол нийгэмд хамгийн үнэ цэнэтэй хүн хэмээн үздэг байсан хандлага өөрчлөгдсөн. Үнийг дагаад эцэг эхчүүд өөрсдийн үүрэх ёстой хариуцлагыг багш руу чихэх хандлага ихэссэн. Чи миний хүүхдэд хичээл заах ёстой. Хүүхэд хичээлээ хийхгүй байгаа бол багшийн буруу. Чи хичээлээ муу заасан, эсвэл чадваргүй байсан учраас миний хүүхэд өнөөдөр хичээлээ хийхгүй байна. Мөн багш хүн үргэлж хүүхдүүдтэй эелдэг харьцаж байх ёстой. Яасан ч хүүхэд рүү уурлаж болохгүй гэх жишээтэй. Хатуухан хэлэхэд, эцэг эхчүүд ийм л зүйлийг багшаас шаарддаг. Мэдээж, зөв хандлагатай, багшийн ажлыг ойлгодог эцэг эхчүүд бий. Гэхдээ сөрөг хандлагатай эцэг эхчүүд илүү давамгай болсон.
-Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн сөрөг хандлага юу вэ?
-Миний хүүхдийг сургаад өгөөч гээд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ сургуульд оруулдаг биз дээ. Гэтэл манай эцэг эхчүүд ерөөсөө багшид итгэдэггүй. Ялангуяа хүүхдээ хичээлээс нь авахаар ирэхдээ гомдмоор, гомдмоор зүйл хүүхдээсээ асуудаг. Өнөөдөр миний хүү, охиныг багш нь загнасан уу, хүүхдүүд дээрэлхсэн үү, янз бүрийн юм болоогүй биз дээ гээд хээв нэг багшийн хажууд ярьдаг. Нэг залуу эцэг эх хүүхдээ авахаар ирэхдээ нүүр ам, биеийг нь шалгаж үздэг байлаа. Энэ юу гэсэн үг вэ. Ерөөсөө багшид итгэхгүй байгаагийн илрэл шүү дээ. Ийм зүйл хараад, сонсоод зогсож байгаа багш эргээд ямар итгэл үнэмшил, урам зоригоор хичээл заах вэ. Эцэг эхчүүд миний хүүхдийг нүднээс далд яаж байгаа бол гэсэн хардалттай байдаг. Хамгийн сүүлд гэхэд, би ангийнхаа хүүхдээс яагаад гэрийн даалгавраа хийгээгүй юм бэ гээд жаахан дуугаа өндөрсгөөд асууж байх үед нэг ээж ороод ирсэн юм. Тэгээд “Чи яагаад хүүхдүүд рүү орилоод байгаа юм. Би орж ирээгүй бол бараг зодох нь ээ. Наад хичээлийг чинь хийгээгүй байсан ч яадаг юм. Чиний муугаас болж хүүхэд хичээлээ хийгээгүй биз. Чамайг өгдөг газар нь өгч шийтгүүлнэ. Харж байгаарай” гээд дайрсан.
-Тэгвэл та энэ кейс дээр тухайн ээж буруутай үйлдэл гаргасан гэж үзэж байна уу?
-Нэгдүгээрт, тухайн ээж хичээлийн цагаар хаалга тогшиж, багшаас зөвшөөрөл авахгүйгээр шууд орж ирж болохгүй. Хоёрдугаарт, багш заах ёстой хичээлээ заагаад явуулсан. Харин багшийн өгсөн гэрийн даалгаврыг сурагч хийж гүйцэтгээд ирэх ёстой гэдгийг огт бодолцож үзээгүй. Гуравдугаарт, шавь нь хичээлээ хийж ирээгүй бол багш шалтгааныг нь асуух ёстой. Магадгүй жаахан чанга дуугаар асуусан нь миний буруу байж болно. Гэхдээ багш гэгээнтэн биш шүү дээ. Өдөржин хамаг сэтгэл зүрх, энергиэрээ хичээл заана. Дараа нь хоёр ээлжийн ангийн бүх хүүхдийн дэвтрийг шалгаад, нэмэлт даалгавар бичиж өгнө. Ингэж их хичээл зүтгэл гаргаж байхад гэрийн даалгавраа хийж ирдэггүй суралцагчид олон. Тиймээс багш сэтгэлээр унана, бухимдана биз дээ. Ерөөсөө энэ бүгдийг огт бодолцож үздэггүй. Чи улсаас цалин авч байгаа учраас миний хүүхэд рүү муухай харах ч эрхгүй шүү гэх жишээтэй. Мэдээж, багшийн ёс зүйд суралцагч руугаа муухай харж, загнаж, зодож болохгүй гэдгийг заагаад өгчихсөн байдаг. Гэхдээ би сурагчаасаа яагаад даалгавраа хийгээгүй шалтгааныг нь асуусан. Тухайн ээжийн дэвэргээд байгаа шиг зүйл огт болоогүй. Үүссэн асуудлын учир шалтгааныг нь тодруулаагүй байж шууд багш руу дайрч болохгүй биз дээ.
Уг нь ямар ч асуудалд багш, суралцагч, эцэг эх гээд гурван талаасаа ойлголцож байж үр дүнд хүрнэ. Ганцхан багш бүгдийг ойлгоод, тэвчээд явах боломжгүй. Тийм нөөц ч байхгүй. Хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө эцэг эхчүүд сургуульд сургаж байгаа шүү дээ. Нөгөө талд багш ч гэсэн байдаг чадлаараа л хичээлээ заадаг. Энэ хүүхдийг хорлоё гэж ямар ч багш бодохгүй. Өөрийнхөө ангийг бусад ангиас илүү сайн болгохыг бүх багш зорьдог.
-Уг нь хүүхдийн гэрийн даалгавар хийлгүүлэх үүргийг эцэг эхчүүд хүлээдэг биз дээ?
-Тийм. Гэхдээ энэ үүргийг юман чинээ боддоггүй. Бараг тэгэх албагүй гээд зогсож байсан эцэг эх бий. Сурган хүмүүжүүлэх үүргийг ганцхан багш хүлээдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тодорхой хэмжээгээр чанга дуугарах, шаардлага тавих тохиолдол байдаг. Үүнийг учир зүггүй өлгөж аваад суралцагчдаа загнасан, зодсон, хүчирхийлсэн гээд сошиалаар сэвж багшийн нэр хүндийг албаар унагаж болохгүй шүү дээ. Тэгвэл эцэг эхчүүдийг хүүхдэдээ шаардлага тавиад, дуугаа өндөрсгөөд зэмлэж байх үед нь хүчирхийлэгч хэмээн сошиалд тавьбал ямар байх вэ.
-Хэсэг бүлэг эцэг эх нийлж, багшийг ажлаас халуулах тохиолдол гарч байсан уу?
-Энэ багшаар хүүхдэдээ хичээл заалгахгүй гэсэн бичиг бариад сургуулийн удирдлагад өгөх тохиолдол олон гардаг. Эсвэл сургуулийн удирдлагуудтай нийлж багшийг ажил үүргээ гүйцэтгэх ямар ч боломжгүй нөхцөлд хүргэдэг. Хэсэг бүлэг эцэг эхчүүд нийлээд энэ багшийг ажлаас нь халж л байвал манай хүүхдүүд багшгүй байсан ч яах вэ гэж байсан. Тэгээд хичээлдээ ирсэн хүүхдүүдийг гэр рүү нь буцаагаад явуулах ажлыг зохион байгуулж, дураараа аашилсан тохиолдол бий. Багшийн үзэл бодлыг хааж, боож Үндсэн хуулиа ч зөрчих хэмжээний зарим хандлага харагдаад байгаа юм. Удирдлага нь ч гэсэн сургуулийнхаа нэр хүндийг хамгаалах гээд багшаар туг тахих тохиолдол гарна. Учир нь хэсэг бүлэг эцэг эх багш болон сургуулийн нэр хүнд рүү сошиалаар дайрч давшилж, доромжилсноос үүдэлтэй. Бид нэг нэгнээ буруутгахаасаа илүү энэ асуудал яагаад үүсэв.
Яаж засаж, залруулах уу гэдгээ нээлттэй ярилцаад ойлголцохыг бодох ёстой биз дээ. Заавал багш буруутай байх ёстой юм шиг хандлагатай. Мэдээж, зарим багш алдаа гаргадаг. Гэхдээ бүх багш тийм гэсэн үг биш шүү дээ. Зарим эцэг эх ч гэсэн хүүхдийнхээ өмнө ноцтой алдаа гаргадаг. Гэхдээ бүх эцэг эх тийм гэсэн үг биш. Зүгээр л багшийг ойлгоё гэсэн сэтгэл дутаад байгаа юм. Өмнө нь ямар ч хүн түрүүлж багштай мэндэлдэг байлаа. Багш та түрүүлээд яв гээд хаалга барьж өгдөг байсан шүү дээ.
-Эцэг эхчүүдийн сөрөг харилцлаа хандлага хүүхдэд ч нөлөөлдөг үү?
-Мэдээж шүү дээ. Хүүхэд бол эцэг эхийнхээ үйлдлийг л шууд даган дуурайдаг. Бага ангийн хүүхдүүдийн хувьд эцэг эхдээ хов зөөх хандлага ажиглагддаг. Багш өнөөдөр намайг тоогоогүй. Тэрэнтэй л хичээл заагаад байсан гээд хүүхэд нь хэлэхээр чи хахууль авдаг багш гээд дайрна. Тэрний эцэг эхээс мөнгө авч ялгаж харьцдаг гээд цоллох жишээтэй. Магадгүй би зарим суралцагчидтайгаа 10 минут илүү тулж ажилласан байж болно. Гэхдээ тухайн хүүхэд маань зайлшгүй нөхцөлд байсан юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхэд. Гэтэл энэ бүгдийн учрыг олохгүйгээр багш руу дайрч доромжилдог хандлага түлхүү бий. Тиймээс манай эцэг эхчүүд хүүхдээ хов зөөдөг хүн болгох нөхцөл байдалд бүү хийгээч ээ. Хүүхэд аливаа зүйлийн учир шалтгааныг сайн мэдэхгүй. Зөвхөн нүдэнд харагдсанаа эцэг эхдээ очоод хэлдэг.
Харин эцэг эхчүүд үүнийг өлгөж авах, авахгүй байх сонголт бий. Магадгүй миний хүү хов зөөж болдоггүй юм гээд хэлсэн бол хүүхэд нэгийг бодно биз. Түүнчлэн багшийнхаа үгэнд сайн ороод найзуудтайгаа эвтэй байгаарай. Ангидаа үймүүлж болохгүй шүү гээд яагаад хэлж болдоггүй юм бэ.
А.Даваадулам