Цахим орчинд бага нас болон өсвөр үеийнхний хамгийн их дагагчтай юутубер нар хүүхдүүдэд чихэрлэг бүтээгдэхүүн сурталчилж, буруу дадалд уруу татаж байна гэх эцэг эхийн шүүмжлэл ихээхэн газар аваад буй. Тэгвэл хамгийн их дагагчтай гэгдэх Чами буюу цахим орчинд CAMI нэрээр танигдсан тэрбээр энэ асуудалд өөрийн YOUTUBE сувгаараа дамжуулан тайлбар өгчээ.

Тэрбээр, "Би YOUTUBE хуудсан дээрээ оруулсан амттаны бичлэгүүдээ сурталчилах гэж хийдэггүй. Өөрийнхөө мөнгөөр худалдаж аваад, надад энэ амт таалагдлаа эсвэл таалагдсангүй гэдгийг амаараа хэлдэггүй ч үйл хөдлөл бүх зүйлээрээ илэрхийлдэг. Хүүхдүүд маш ухаантай. Дэлгүүрт ээжтэйгээ хамт орохоор "Энэ чихрийг Cami эгч амтгүй гэсэн" гээд шууд тэр чихэрнээс татгалздаг. 30-40 настай хүмүүс чихэр идэж өссөн л баймаар юм. Баавгайтай чихэр, эмээ, өвөөгийн өгсөн чихэр, ТҮЦ-нээс авсан чихэр гээд иддэг л байсан биз дээ.

Одоо үеийн хүүхдүүд чихрийг яаж хэрэглэхээ мэднэ. "Хэт их идвэл шүд өвдөнө. Шүд өвдвөл эмнэлэгт очно. Тиймээс учраас би CAMI эгчийн хэлээд байсан сахар багатай чихрийг нь аваад идчихье" гэж бодно. Би тэр чихэрнүүдийн төсөөллийг өгсөн тулдаа хүүхэд чинь идэж үзмээр байсан 10 чихэрнийхээ 8-аас нь татгалзаж, хоёрыг нь сонгоно. Учир нь тэр татгалзсан 8 чихрийг нь би бичлэг дээрээ идэж үзээд "Амт нь онц биш байна" гээд хэлчихсэн байгаа юм.

Би тийм төсөөллийг өгдөг юм. Би тэгж л боддог. Миний үзэл бодолтой нийлэхгүй байгаа хүмүүс байвал намайг зүгээр орхичих. Битгий намайг хүүхэддээ үзүүл. Гэхдээ намайг ойлгож, өмгөөлж хамгаалах тархитай эцэг эхчүүд байгаа тулдаа би өнөөдөр бичлэг хийж байгаа байх. Тэгэхгүй 100 хувь дайралт хүрээд ирвэл үнэхээр хэцүү болчихсон байх байсан болов уу" гэлээ.

Мөн тэрбээр, "Би чихэр сурталчилж байсан уу гэвэл байсан. Гэхдээ одоо эрс багасгаж байгаа. Яагаад гэвэл би энэ шүүмжүүдийг хүлээж авсан. Миний сүүлд хийсэн бичлэгүүд бүгдээрээ та нарын шүүмжид тааруулж хийсэн бичлэгүүд байгаа. Гэхдээ тэрийг хэн ч тоогоогүй. Огт чихэр сурталчилаагүй. Хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдлэг олгосон бичлэг би хийсэн" гэв.