76 төрийн түшээ амрах эрхгүй
2014/07/22
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Хамгийн их амардаг байж амардаггүй хүмүүсийн талаар ярих нь хэр ёс зүйтэй” хэмээн наадмаар тав хоног амрах асуудлыг ярих үеэр санал гаргаж байсан юм.
Гэвч зарим гишүүн “Амрахгүй ажилладаг биз дээ. Тойргоор явна. Хууль боловсруулах гээд амрах зав байдаггүй” гэснээс болж нэг нэгнээсээ уучлал гуйх, гуйхгүй дээрээ хүрч байсан удаатай. Үнэндээ 76 төрийн түшээгээс чуулганы завсарлагааны хугацаанд амрахгүй ажилладаг нь цөөн гээд хэлчихэд хилсдэхгүй. Гэхдээ амрахгүй ажилладаг төрийн түшээд улс орныхоо эдийн засаг, иргэдийн амьдралд санаа зовж байна уу гэж асуумаар. Өөрөөр хэлбэл, намаараа талцаж, бие биенийхээ улыг шагайх зуур эдийн засгийг сааруулагч валютын ханш гаарч өглөө. Наадмын хэдэн өдөр амралт гэж явах зуур ам.долларын ханш 1840 төгрөгт хүрч, энэ үед улам өссөөр байгаа нь тод жишээ.
Төрийн эрх барьж байгаа АН-ынхан эдийн засаг, улс орноо өнгөтэй өөдтэй болгоно, шинэчилнэ, сэргээнэ гэж том амлалт өгч ажиллаж байгаа. Тэгвэл эдийн засгийн хүндрэл нь хямрал болон ужгирч, эцэстээ ард түмэн туйлдах дээрээ тулаад байхад нар ээсэн энэ өдрүүдэд амраад суух эрхтэй юм уу. Үнэндээ иргэдийнхээ саналыг авч, олон түмний итгэлийг хүлээсэн 76 төрийн түшээ амрах эрх байхгүй гэдгийг сануулах нь зүйтэй биз.
УИХ дахь сөрөг хүчний зүгээс "2008-2012 оны хооронд МАН АН-тай хамтарч засаг барьсан. Харин энэ хугацаанд АН төр барьдаг тогтолцоонд суралцсан байх гэж үзсэн. Гэвч бидний бодсноос зөрлөө. Өөрөөр хэлбэл, 2012-2014 оны хооронд төр барьж чадсангүй. Иргэдийн амьдралыг улам доройтууллаа. Тиймээс АН-д бидний зүгээс туслахгүй бол болохгүй боллоо. Нэг үгээр хэлбэл, цөөнхийн бүлэг санаачилгатай, хариуцлагатай ажиллаж, эрх барьж чадахгүй байгаа эрх баригчид зөвлөж, туслах болно. МАН-ын гишүүд энэ зун амрахгүй ажиллана" гэж хаврын чуулганы төгсгөлд ярьсан. Харин ард түмний амьдрал валютын ханшийн савалгаанд доройтож, нуруун дээрх ачаагаа дийлэхгүй болсон үед яагаад чимээгүй, дуугүй байгаа ч ойлгомжгүй байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Эдийн засаг хүндэрсэн шалтгаан нь валютын ханштай холбоотой. Эдийн засаг сайн байна гэж хэлэхгүй. Тиймээс валютын ханшийг тогтворжуулж, бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахын төлөө ажиллаж байна. Эдийн засгийн байдал сайнгүй байгаа нь гадаад хүчин зүйл, дэлхийн эдийн засгийн нөлөөллөөс болж байгаа. Дэлхийн зах зээлийн манайд нөлөөлөх нөлөөлөл нь "Нарантуул" зах дээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр хөдөө орон нутагт нэмэгдэгтэй яг адилхан” хэмээж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдгээр хамтран ажиллая гэж чуулганы танхимд цуурайдтал ярьж байсныг олон хүн сонссон. Тэгвэл яагаад одоо болтол сөрөг хүчинтэйгээ нэгдэж ажиллаад улс орныхоо эрх ашгийн төлөө явахгүй байгаа нь анхаарал татсаар байна. Хэрвээ бие биенийхээ улыг шагайж, сөрөг, эрх баригч гэдгээр талцсаар явбал валютын ханшийн савалгаа зогсохгүй гэхэд болно. Тиймээс эрх баригч нам ажилласан шиг ажиллаж, улс орныхоо эдийн засагт ирэх нөлөөллийг багасгахгүй бол валютын ханшиндаа дарлуулж, иргэдийн амьдрал сөхрөх дээрээ туллаа. Тэр утгаараа энэ 76 төрийн түшээ ажилдаа орж, наадмын амралтаасаа салах цаг болсныг сануулъя.
С.МӨНХБАЯСГАЛАН
Зочин · 2014/07/23
Энэ нь асар их юм. маш их баярлалаа
Зочин · 2014/07/23
unen sh dee amraad bhdaa yadag yum be durakuud
Зочин · 2014/07/23