БНӨСУ-д Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг дэмжих ажиллагааны хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай Монгол Улсын III батальонд Цагдаагийн байгууллагаас 13 офицер, 38 ахлагч ажиллагааны газар оронд штабын хэвлэл мэдээллийн төлөөлөгч, цэргийн цагдаа, ахлах сувилагч, буудагч, тасгийн пулемётчин зэрэг албан тушаалуудад батальоны хариуцлагын 3 бүсэд хуваагдан үүрэг гүйцэтгэж байна.

Батальоны үндсэн байрлал болох Юнити мужийн Бентью хот дахь НҮБ-ын баазад 20 алба хаагч, Париан суурин дахь НҮБ-ын баазад үүрэг гүйцэтгэж байгаа 3 дугаар мотобуудлагын ротод 10 алба хаагч, Баруун Бахр-Эль-Газаль мужийн Вау хот дахь НҮБ-ын баазад үүрэг гүйцэтгэж байгаа 2 дугаар мотобуудлагын ротод 21 алба хаагчид тус тус үүргээ гүйцэтгэж байгаа юм.

Цагдаагийн байгууллагын энхийг сахиулагчид энэ сарын 8,10,14-ний өдрүүдэд тус тусын хариуцлага бүс дэх НҮБ-ын бааздаа НҮБ-ын энхийн төлөө медаль гардаж авах ажиллагаа болжээ.

Батальоны медаль парадын ажиллагаанд UNMISS хүчний командлагчийн орлогч бригадын генерал Рамиш Кумар Пан, Хүчний штабын J-2 дарга дэд хурандаа Матхаэз Вогт, J-6 дарга дэд хурандаа Г.Болор, Монгол Улсаас үүрэг гүйцэтгэж буй J штабын офицерууд, Юнити мужийн зохицуулагч хатагтай Мэри Каммис, ахлах холбогч офицер хурандаа Саймон Ленира нар болон Бентью хот дахь НҮБ-ын баазад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багуудын төлөөлөл, хүмүүнлэгийн бусад байгууллагын зочид төлөөлөгчид оролцов.

Батальоны бие бүрэлдэхүүн хүчний командлагчийн орлогч, НҮБ-ын хүндэт, зочид төлөөлөгчдөд ёслолын жагсаалаар хүндэтгэл үзүүлэн, жагсаал, гардан тулааны болон урлагийн тоглолт үзүүлж Монгол цэргийн сүр хүчийг гайхуулан баяр наадмын өдрүүдийг баяр баясгалан, шагнал урамшууллаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлжээ.

Энэ сарын 19-ны өдөр Монгол улсын цагдаагийн байгууллагын 93 жилийг ойн баяраар батальоны болон ротын захирагчид энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлж нэг өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөн амрааж, орой нь хүндэтгэлийн зоогт урьж цагдаагийн баярыг хамтдаа тэмдэглэж өнгөрүүлэв.

Баярын арга хэмжээний үеэр батальоны захирагч хурандаа Б.Эрдэнэбат энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цагдаагийн байгууллагын алба хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүлээд цагдаагийн алба хаагчдад батальоны захирагчийн болон батальоны ахлагчийн зөвлөлийн Дурсамж хадгалуулсан юм.

Энэ дашрамд дурдахад ажиллагааны үүрэг гүйцэтгэх хугацаа сарын дараа дуусч, эх орон, эцэг эх, хамт олон, найз нөхөдтэйгөө учран золгох баярт өдөр хором хормоор ойртсоор буйг дуулгахад таатай байна гэв.