Зуны дэлгэр цаг ирсэн энэ үед амралтгүй ажиллаж байгаа нэг хэсэг байна. Ажиллах ёстой ч нэг хэсэг бий. Хэдийгээр монголчууд зуны дэлгэр цагийг амралт зугаалгын байдалтайгаар назгайрч өнгөрөөдөг ч нэг хэсэг нь ажлаа хийхгүй бол амьдрал зогсох нь ойлгомжтой.

Чуулган хаалтаа хийснээр албан ёсоор амарч эхэлдэг УИХ-ын гишүүд энд тэндэхийн аймаг, сумын ойн баярт оролцохоос гадна тойрогтоо ажиллан орон нутаг хэсч яваа энэ үед Засгийн газрын үйл ажиллагаа зогсолт хиймээргүй санагдана. Чуулган хаалтаа хийхтэй зэрэгцэн назгайрч эхэлдэг яам, Тамгын газрыг “амь”-тай байлгах ганц хөшүүрэг нь Засгийн газрын үйл ажиллагаа зогсолт хийхгүй байх явдал юм. Цаашлаад гүйцэтгэх засаглалтын тэргүүн албан ажлаа умартахгүй байх ёстой. Энэ зуны хувьд гүйцэтгэх засаглал, тэр дундаа эрх баригчид амралтгүй ажиллах учиртай, хариуцлагатай цаг үе. Учир нь олон нийтийнх дүгнэж байгаагаар гадны орнуудын эдийн засаг хэвийн байхад эрх баригчид бодлогын алдаа гаргаснаас үүдсэн эдийн засгийн хямрал эцэстээ хүрчихээд байгаа. Энэ байдлыг хүлээн зөв- шөөрсөн Засгийн газар арга ядахдаа иргэдэд хүнсий талон хүртэл олгож эхлээд буй. Энэ ч утгаараа Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаатай тогтоолын төсөл батлан хэрэгжүүлж байгаа.

Гэтэл ердөө “Тоолуур” зогсоход 20-оодхон хоног үлдчихээд байхад энэ ажлын үр дүнд анхаарах нь бүү хэл албан ажлаа хийх хүнгүй болчихоод байна. Гадна дотны хэд хэдэн айлчлалыг эс тооцвол энэ Засгийн газар үндсэндээ зогсолт хийчихээд байна гэхэд хилсдэхгүй. Ямар ч байсан долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт хуралдах товтой Засгийн газрын хуралдаан тасраад удаж байна. Амралт зугаалга нь дуусахгүй байгаа хэдэн сайд нараа цуглуулж чадахгүйд хүрэхдээ Засгийн газрын өнгөрсөн баасан гаригийн хуралдааныг Хөвсгөл аймагт хийнэ хэмээж, олны эгдүүг хүргээд авсан. Энэ санаа нь бүтэхгүй болохоор нийслэлдээ хуралдана хэмээн, олны хэл амыг хэсэгтээ дарсан ч Хөвсгөлд бүү хэл, нийслэлд ямар ч хуралдаан болсонгүй. Гэхдээ Н.Алтанхуяг сайд олныг яаж хуурахаа мэд дэг нэгэн. Засгийн газрыг хуралдуулаа гүйгээ замын ажилтай танилцлаа” хэмээн аргалаад өнгөрөв. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Дорнод аймагт ажилласан юм. Учир нь 2009 онд ажил нь эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад оролгүй таван жилийн турш сунжирсан Өндөрхаан- Чойбалсан чиглэлийн 288 км замын бүтээн байгуулалтын ажилд Засгийн газраас гүйцэтгэгч компаниуд нэмж оруулан ажиллуулсан аж. Энэ замын бүтээн байгуулалтын явцтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улааны хамтаар танилцжээ. Гүйцэтгэгч таван компани тус бүр 10-143 км зам хариуцан барьж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил нийт дүнгээрээ 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Дорнодын замын 145 км нь ирэх есдүгээр сард ашиглалтад орно гэж холбогдох албаныхан Засгийн газрын тэргүүнд танилцуулжээ. Ерөнхий сайд ингэж замын ажилтай танилцсан ч Засгийн газрын хуралдаан болсонгүй. Танхимын тэргүүн нь гэргийгээ дагуулан наадам хэсч дуусахгүй байхад гишүүд нь цуглаж, хурлаа хийнэ гэж юу байх вэ. Угаас Засгийн газрын тэргүүн ажлаа тасалсан бол хуралдаан болох учиргүй. Харин хүндэтгэх шалтгаантай бол Шадар сайд нь түүнийг орлодог. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өнгө өнгийн дээл өмсөн, аймаг, сумын наадам хэсч, намаа рекламдаж явах зуур төрийн ажил үндсэндээ гацчихлаа. Ерөнхий сайд анх Засгийн газрыг бүрдүүлж байхдаа л “Бид амралтгүй ажиллана, хагас, бүтэн сайн, баяр наадмаар халхавчлан ажлаа умартахгүй” хэмээн том ам гарч байлаа. Энэ үгэнд олон нийт мэдээж онц сайн үнэлгээ өгч хүлээн авсан. “Ажлыг ч ёстой яралзуулж өгөх нь дээ” хэмээн итгэсэн ч энэ амлалт аажим аажмаар алсарсаар өдгөө Төрийн ордон эзгүйрч, түшмэдийн амралт дуусах шинжгүй байна. Засгийн газраас товтой ажлуудын нэг нь ч хаврын чуулган хааснаас хойш болсонгүй. Тухайлбал, долоо хоног бүрийн эхний долоо хоногт болдог “Шинэчилж шийдье” уулзалт, пүрэв гариг бүр болдог “Ерөнхий сайдын 30 минут”, за тэгээд Засгийн газрын ээлжит хуралдаанууд гээд л аль нь ч тов ёсоор болохгүй байна. Угтаа Засгийн газрын тэргүүн эдгээр ажилд гар бие оролцож амжихгүй ч гэсэн үүрэг чиглэл өгч, мэдээлэл тайлбарыг хүргэж баймаар. Гэтэл усанд хаясан чулуу мэт таг чиг. Түүний болон танхимынх нь энэ назгай байдлыг харсан олон нийт “Яасан найр наадам хэсч дуусдаггүй Ерөнхий сайд вэ. Ингэсээр байтал өнөөх 100 хоног нь дуусч намрын их ажил эхэллээ” хэмээн халаглаж сууна. Арга ч үгүй биз. Засгийн газраас санаачлан хийж байгаа 100 хоногийн ажлын үр дүнг хүлээсэн хүн цөөнгүй бий. Угаас хүлээх ч учиртай. Аливаа бодлого, шийдвэрийн үр дүн гэдэг эргээд ард түмний нуруун дээр ачаа болон очдог учраас тэр. Гадны нэр нөлөө бүхий хүмүүс ирж, зарим орд газраа ухуулахыг уриалах, эсвэл Төрийн тэргүүн нь бусдаас дэмжлэг хүсч явааг арай Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийж байгаа ажил гэж тайлбарлах гээгүй л байлтай. Ямартай ч долдугаар сар шувтарч, намрын ид ажлын үе эхлэхтэй зэрэгцэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажилдаа шуурхайлан орж, сайд нар нь ч гэсэн тус бүрийн хариуцсан ажилдаа эзэн болно гэж хүлээж суухаас өөр арга алга.

Цаашлаад ирэх сард урд хөршийн Төрийн тэргүүн айлчлах нь тодорхой болсон энэ үед Засгийн газар “амь”-тай байж, ажлаа хийж бэлтгэлээ базааж суумаарсан. Манайхан л ингэж назгайраад байгаа болхоос Си Жинпиний энэ айлчлал маш чухал бөгөөд айлчлалаас гарах үр дүн, шийдвэр хэн бүхэнд хамаатай. Ийм байхад томоохон хэмжээний айлчлалд одооноос бэлдэж эхлэх учиртайсан. Цаг нь тулахаар алив зүйлийг гурилдаж сурсан шигээ алдаа гаргаж, гадны хүмүүсийн өмнө ичгэвтэр байдалд орохгүй гэж итгэж л суухаас. Ямартай ч бүтэн сар тэг зогсолт хийгээд байгаа Засгийн газар ирэх сараас “амь” орж, дор бүрийнхээ ажилд ханцуй шамлан орно гэж найдъя.
 

М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин